“СИТИ” Их сургууль боловсролын салбарын “Энтрепренер” боллоо

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер 2021” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Салбар бүрийн баялаг бүтээгчдийг дэмждэг, хамгийн нэр хүнд бүхий тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ жил 24 дэх удаагаа болж байгаа юм.

“Энтрепренер 2021” нь энэ жил анх удаа боловсролын салбарын оны онцлох байгууллагыг тодруулсан нь 23 жилийн түүхтэй Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг “СИТИ” Их сургууль байлаа.

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө уриатай “СИТИ” Их сургууль нь бүрэлдэхүүн зургаан сургуулийн хүрээнд эрх зүй, бизнесийн удирдлага, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, график дизайн, барилга, архитектур, интерьер дизайн, хувцас дизайн, программ хангамж, гадаад хэлний орчуулагч, боловсрол судлал, урлаг, гоо сайхан, сувилахуй зэрэг 44 хөтөлбөрийн хүрээнд бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.

Салбарын хэмжээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэж, олон улсын томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй “СИТИ” Их сургуулийн төгсөгчдийн 90 орчим хувь нь ажлын байранд шууд гарч байгаа нь тус сургуулийн нэр хүнд, чансааг тодорхойлж буй юм.