“СИТИ” Их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлт боллоо

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа энэ үед бүрэлдэхүүн 9 сургуультай болж хүрээгээ тэлсэн “СИТИ” Их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо. Бакалавар, магистр, докторын 50 гаруй хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэж буй тус сургууль өдгөө 25 дахь хичээлийн жилийн үйл ажиллагаагаа явуулж буй юм.

Энэ үер “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа оюутнууддаа хандан үг хэллээ. Тэрбээр “СИТИ” Их сургуулийн эрдэмтэн доктор багш нар, элсэн суралцагч оюутнууддаа шинэ хичээлийн жилд нь амжилт хүсээд бүтээлч, зөв хандлагатай, ур чадвараа хөгжүүлэн, хариуцлагатай байхыг уриалсан юм. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 67 их, дээд сургууль дунд “СИТИ” Их сургууль өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээсэн 25 жилийн түүхтэй сургууль. Тиймдээ ч жил ирэх тусам хүрээгээ тэлж энэ хичээлийн жилд бүрэлдэхүүн 9 сургууль үйл ажиллагаа явуулж байгааг онцоллоо.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд өдөр бүр хувьсан өөрчлөгдөж боловсролын чанар, хүртээмж, ур чадварыг цаг тутам нэмэгдүүлж байна. “СИТИ” Их сургууль энэ жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах олон улсын сургалтын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. 2022-2023 оны хичээлийн жилд гол анхаарлаа хандуулсан зүйл бол сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө байлаа. Манай сургууль дэлхийн нэр хүнд бүхий 30 гаруй их, дээд сургуультай хамтран ажилладаг. Гадаад хамтын ажиллагаа олон улсын нэр хүнд бүхий их сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрүүд маань улам чанаржиж Франц, Герман сургалтын хөтөлбөрийг голчлон хэрэгжүүлж байна.

Түүнчлэн энэ хичээлийн жилээс “ЛИБЕРАЛ АРТ” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрөөр оюутан үндсэн сонгон суралцаж буй мэргэжлээс гадна 2, 3 дахь мэргэжлээр өөртөө чадвар нэмж мэргэших боломжийг олгох юм. Их сургуульд ороод ганц мэргэжил эзэмших нь нийгэмд шаардлага хангахгүй болсон. Тухайн хүний сонгосон мэргэжил хэр эрэлт хэрэгцээтэй байгаагаас шалтгаалж цаашид оршин тогтнох эсэх нь яригдаж байна. Тэгэхээр бид оюутнуудынхаа сонгосон мэргэжлээр нь сургахаас гадна хувь хүний хөгжилд нь илүү анхаарч байна. Тухайн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж бусад ямар чадвар хэрэгтэй байна түүнийг нь эзэмшүүлэх буюу хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорьж байгаа нь “ЛИБЕРАЛ АРТ” хөтөлбөр юм.

Сүүлийн жилүүдэд 2+2 хөтөлбөрт илүү хүч гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл оюутан 2 жил Монголдоо сураад 2 жил гадаадад сурна. Ингэхдээ хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй хоёр сургууль сургалтын төлөвлөгөөгөө нэгтгэж оюутанд давхардсан хичээл орохгүй хос дипломтой төгсөх боломжийг бий болгож буй юм. Хамгийн сүүлд ОХУ-ын “Южный Федеральный Университет” сургуультай “СЭТГЭЛ СУДЛАЛ”-ын 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагаа эхлүүлж элсэлт авч эхэллээ. Түүнчлэн оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал Тайландын “Chulalongkorn University of Thailand” их сургуультай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд оюутнууд маань урт, богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Солилцооны хөтөлбөрөөр манай оюутнууд тус улс руу явж сурна, харин тус сургуулийн оюутнууд манай улсад ирж манай сургуульд сурна. Дэлхийн нэр хүнд бүхий сургуулийн оюутан манай улсад ирж сурна гэдэг оюутнууд маань тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж буйн илэрхийлэл юм. Мөн АНУ-ын нэр хүнд бүхий 20 их сургуульд манай сургуулийн төгсөгчид ахисан түвшинд буюу магистр, докторын хөтөлбөрт 20-40 хувь хөнгөлөлттэй үнээр суралцах боломж нээгдлээ. Өмнөх жилүүдэд хамтарч ажиллаж байсан Япон, Солонгос, Францын их сургуулиудын хамтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. Энэ мэтчилэн “СИТИ” Их сургууль алсын хараа, зорилго зорилттойгоо уялдаад гадаад хамтын ажиллагаандаа илүү анхаарал хандуулж хөтөлбөрүүдээ өргөжүүлсээр, боломжуудыг эрэлхийлсээр, хүсэж буй үр дүндээ хүрсээр байна гэдгийг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *