“СИТИЗОН-CITIZON” ИННОВАЦ, БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ

ЗОРИЛГО 

“СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн санаачлан боловсруулж, зах зээлд нэвтрүүлэх, гарааны компани үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. 

НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР 

“Инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг ойлгоно. 

“Инновацийн бүтээгдэхүүн” гэж Монгол Улсын хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг хэлнэ. 

“Инновац, бизнесийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн болон бизнесийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно. 

“Гарааны компани” гэж инновац, бизнес хөгжлийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг хэлнэ.

ИННОВАЦ, БИЗНЕСИЙН ТӨСӨЛД ТАВИХ ШААРДЛАГА 

Ерөнхий шаардлага 

Зөвхөн “СИТИ Их сургуулийн багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инноваци, бизнес хөгжлийн төслийг сонгон шалгаруулж, гарааны компанид хөрөнгө оруулна. 

Тусгай шаардлага 

СИТИ Их сургуулийн багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инноваци, бизнесийн төсөл нь дараах шаардлагыг хангасан байна:

 1/ инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

 2/ хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

 3/ төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;

 4/ зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнес санааг агуулсан;

 5/ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг бүрэн хийсэн байх;

6/ тодорхой хэмжээнд туршилт хийж бодит болгосон байх; 

7/ төслийн багтай байх; 

8/ төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн санхүүгийн өр төлбөргүй байх.

ИННОВАЦ, БИЗНЕСИЙН ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ 

Төсөл сонгон шалгаруулах хороо нь төсөл сонгон шалгаруулах зарыг нөхцөл, шаардлагын хамт жил бүрийн II улиралд багтаан www.citi.edu.mn цахим хуудас болон “СИТИ Science” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлд нийтэлнэ. 

Төсөл санаачлагч нь ИННОВАЦ, БИЗНЕСИЙН ТӨСӨЛД ТАВИХ ШААРДЛАГА-ыг хангасан төслийг Төсөл сонгон шалгаруулах хороонд тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 

Зөвхөн нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулах бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг жил бүрийн III улиралд багтаан нийтэд зарлана. 

Төсөл сонгон шалгаруулах хороо нь шалгаруулалтад ирсэн төслүүдэд дүн шинжилгээ хийж, хорооны хурлаар төслийг эцсийн байдлаар сонгон шалгаруулна. 

Төсөл сонгон шалгаруулах хороо нь төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг томилон ажиллуулж болно. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ 

Сонгон шалгаруулалтад орж, шалгарсан нэг төсөлд олгох хөрөнгө оруулалтын хэмжээ 30.000.000 /гучин сая/ хүртэл төгрөг байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗАРЦУУЛАХ 

Төслийн хөрөнгө оруулалтыг дараах үйл ажиллагаанд зарцуулна: 

1/ түүхий эд материал худалдаж авах; 

2/ програм хангамж худалдан авах, хийлгэх; 

3/ үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл авах; 

4/ бусад төслийн үйл ажиллагаанд шууд хамааралтай зүйлс худалдан авах, түрээслэхэд. 

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ 

Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр шалгаруулалтад тэнцсэн төсөл хэрэгжүүлэгч буюу гарааны компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. 

Төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно. 

Гарааны компани үүсгэн байгуулахтай холбоотой харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ, ЭРГЭН ТӨЛӨЛТ 

Хөрөнгө оруулсан төслийн өгөөж, эргэн төлөлт болон бусад асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээгээр нарийвчлан зохицуулна. 

ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛ 

Төслийн үйл явц, хөрөнгө оруулалтын зарцуулалтад СИТИ Их сургуулийн Инновац, бизнес хөгжлийн газар хяналт тавих бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг сард 1 удаа Төсөл сонгон шалгаруулах хороонд тайлагнана. 

Төсөл хэрэгжүүлэгч шаардлагыг зөрчсөн тохиолдолд Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр гэрээг цуцлан төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг үл маргах журмаар буцаан төлүүлнэ.