ХИЧЭЭЛ

Хичээлийн жил 

СИТИ Их сургуулийн хичээлийн жил 2 улиралтай бөгөөд 9-р сарын 1-ний өдөр хичээл эхэлнэ. Хэрэв уг өдөр амралтын өдөр буюу Бямба, Ням гараг таарвал дараагийн ажлын өдөр хичээл эхэлнэ.

Намар, хаврын буюу 1, 2-р улирал тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, өвлийн амралтын 2-3 долоо хоногтой байна. 

Эчнээ хөтөлбөрийн хичээл 10-р сарын эхний долоо хоногт эхлэх бөгөөд нэг улиралд 15 долоо хоног байна. 

Хичээллэх журам 

”СИТИ” их сургуулийн хичээл, сургалтын ажил нь сургалтын төлөвлөгөөний дагуу хуваарилсан анги, танхимд явагдана. 

Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна.

Оюутнууд хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж, хичээлийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. 

Хичээлийн дундуур багш, суралцагчдыг дуудах, өөр ажил хийлгэхийг хориглоно. 

Үргэлжлүүлэн суралцах, чөлөө авах

Оюутан тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр төлснөөр үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно. Оюутны хүсэлтийг үндэслэн 1 өдрийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш нар, 2-3 өдрийн чөлөөг тэнхимийн эрхлэгч, 4-30 хоногийн чөлөөг бүрэлдэхүүн сургуулийн захирал олгоно.

Оюутан 30 өдрөөс дээш хугацаагаар хичээлд суух боломжгүйд хүрвэл Бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрээр улирлын чөлөө олгож, Ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна. Чөлөөг сунгах, дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 4 улирлаас хэтрэхгүй байна.

Оюутан жилийн чөлөө хүссэн тохиолдолд улирлын явцад хичээлд суусан хугацааны төлбөрийг тухайн улирлын төлбөрөөс суутгаж, үлдсэн төлбөрийг буцааж олгоно. Харин тухайн оюутан сургалтын төлбөрийн болон бусад төлөгдөөгүй төлбөр тооцоо байгаа бол /номын сан г.м/ эдгээрийг урьдчилан барагдуулсан байх ёстой.

Сургалтын бодлого, зохицуулалтын газар чөлөө авах хүсэлт гаргасан оюутны цуглуулсан кредит, голч дүн зэргийг баталгаажуулж, төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж байгаа эсэхийг тодорхойлно.

Санхүүгийн тооцоогүй оюутанд СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгч чөлөө олгож, тушаал гаргана. Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн, үргэлжлүүлэн олгож болно. 

Жилийн чөлөөг тухайн чөлөө олгосон өдрөөс хойш тооцох бөгөөд чөлөөний хугацаа дуусахад хичээлдээ бүртгүүлж, үргэлжлүүлэн суралцуулна. 

Анги дэвшүүлэх 

Хичээлийн жилд амжилттай суралцсан оюутныг анги дэвшүүлэн үргэлжлүүлэн суралцуулах тухай Сургалтын бодлого, зохицуулалтын газраас мэдээ гаргаж, СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна. 

Сургуулиас чөлөөлөх 

Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас чөлөөлнө: 

- оюутан өөрөө хүсэлт гаргасан;

- өөр сургуульд шилжсэн. 

Сургуулиас хасах 

Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна: 

- чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдөл гаргаагүй; 

- гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол /сургуулийн орчинд архидан согтуурах, хулгай хийх зэрэг/. 

Шилжилт хөдөлгөөн 

СИТИ Их сургуульд шилжин суралцах хүсэлт гаргасан оюутан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд: 

- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуульд суралцдаг байсан байх; 

- Кредитийг нь хүлээн зөвшөөрөх боломжтой гадаадын их, дээд сургуульд суралцдаг байсан байх; 

- гадаад, дотоодын их, дээд сургуульд нэгээс доошгүй улирал 2-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 10- аас багагүй кредит цуглуулсан; 

- мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй. 

Дээрх нөхцөл, болзолыг хангаагүй боловч шилжин суралцах хүсэлтэй оюутны авьяас, сонирхол, ажлын байрны захиалга зэргийг харгалзан үзэж, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын захирлын зөвшөөрлөөр шилжин суралцах асуудлыг шийдвэрлэж болно. 

Оюутны өмнөх сургуульд тухайн хичээлээр цуглуулсан кредитийн хэмжээ хүрэхгүй тохиолдолд кредит шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. Илүү гарсан тохиолдолд сургалтын төлөвлөгөөн дэх тухайн хичээлийн кредитээр шилжүүлэн тооцно. 

СИТИ Их сургуулийн оюутан сургууль дотроо өөр хөтөлбөрт шилжин суралцах 

Оюутан сургууль дотроо өөр хөтөлбөрт шилжин суралцах хүсэлт гаргавал дараах болзол хангасан байна. Үүнд: 

- мэргэжлийн хөтөлбөр хоорондын элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй байх; 

- сургалтын төлбөрийн өргүй байх. 

Оюутны өмнө судалсан хичээлийн кредитийг шилжүүлэн тооцох асуудлыг тухайн мэргэжлийн тэнхимийн эрхлэгч судлан тогтоож, шийдвэрийг бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна. 

Шилжин суралцах хүсэлт гаргах оюутан шилжин суралцах шалтгаанаа бичсэн өргөдлийг Сургалтын бодлого, зохицуулалтын газарт гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлгэ. 

Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшин тогтоох бол тухайн бүрэлдэхүүний сургууль зохицуулна. 

Хүндэтгэх шалтгаантай бол өдрийн ангиас тухайн мэргэжлийн эчнээ ангид шилжүүлж болно. Энэ тохиолдолд өдрийн ангид суралцахдаа тэтгэлэг авч байсан бол олгогдохгүй бөгөөд зөвшөөрч буйгаа шилжин суралцагч бичгээр гаргана. 

 

Тус сургуулийг өмнө нь дээд боловсролын дипломын зэрэгтэй төгссөн төгсөгч нь бакалаврын зэрэг эзэмших хүсэлт гаргавал дипломын хавсралтад бичигдсэн хичээлийн дүн, кредитийг тухайн үед мөрдөж буй сургалтын төлөвлөгөөтэй харьцуулан зөрөөг гаргаж зохицуулна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн