Оскарын шагналт “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” киног толилуулна

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам, “СИТИ” Их сургууль, “Алтан хальс” кино фестивалийнхан хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "чех киноны үдэш"-үүд эргэн ирж байна.
 
Бохумил Храбалын ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээсэн Оскарын шагналт "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" киног “СИТИ” Их сургуулийн кино танхимд 10 дугаар сарын 9-ний бямба гаргийн 16.00 цагаас толилуулах болно.
Киног чех эх хувилбараар нь монгол хадмал орчуулгатайгаар үзүүлэх юм.
Үзвэрийн танхим 50 хувийн дүүргэлттэй байх Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүднээс Tserendulam_Jamsran@mzv.cz хаягаар урьдчилан бүртгүүлнэ. Ингэснээр киногоо үнэ төлбөргүй үзэх боломж бүрдэнэ.
 
“Дөтлөн үзэгдэх галт тэрэг” нь Дэлхийн II дайны дараах Чехийн уран зохиолд тэсрэлт авчирсан бүтээлүүдийн нэг. Уг бүтээлд Милош Хрмагийн хэмээх эрийн богинохон амьдралыг эмгэнэлтэй бөгөөд хөгжилтэй байдлаар дүрслэн харуулжээ. Залуусын хайр дурлал, этгээд сонин үзэгдлүүд, хөгжилтэй, гэгээн шог яриа, амьдралдаа хоромхон зуурын аз жаргал мэдэрсэн эр эмгэнэлт түүхийн баатар болох үйл явдлууд үзэгчдийг дэлгэцийн өмнө уях болно.
Хувь хүн байтугай улс үндэстний туулсан эмгэнэлийг гашуун егөөгөөр эмчилж чаддаг Бохумил Храбал хэмээх “шидтэн”-ий хамгийн шилдэг бүтээлийг оюутнууддаа толилуулж байна.
Дөтлөн үзэгдэх галт тэргэндээ амжиж суугаарай!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн