2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дэлхий даяар “Чихрийн шижин ба Сайн сайхан байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг тохиолдуулан "СИТИ" Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхим, CITI NURSING клубээс “СИТИ” Их сургуулийн багш, оюутнуудад чихрийн шижин өвчний тархалт, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Гоо сайхны ухааны сургуулийн багш Л.Алтанхуяг "Чихрийн шижин өвчний тархалт, илрэх шинж тэмдэг, эмчилгээ", СУ-ны магистр, багш Н.Мөнгөнсор “Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, АУ-ны магистр, багш Г.Гантөгс нь "Чихрийн шижин өвчний үед хэрэглэх болон хориглох хоол хүнс" болон "Чихрийн шижингийн арьсны хүндрэлийн үед гоо сайхны арчилгаа" сэдвээр илтгэл тавьж, олон чухал зөвлөмжийг өгөв.
Энэхүү өдөрлөг нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв мэдээлэл авах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн чухлыг онцлов.
Зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн, стрессийг зохицуулах, амьдралын эрүүл дадал хэвшүүлэх нь чихрийн шижин өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга болохыг илтгэгчид онцолж, багш, оюутнуудыг амьдралын зөв хэв маягийг эрхэмлэхийг уриаллаа.