“Хувьсал” продакшны зохиолч, найруулагч, жүжигчин Г.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-“СИТИ” Их сургуулийг хэдэн онд, ямар багшийн удирдлага дор төгссөн бэ?
-Дурсамж сөхөхөд, ахлах ангид байхад багш маань надад “Чи их гоё хоолойтой шүү, дуучин болоорой” гээд надаар Орос романс их дуулуулдаг байсан. Өсвөр насны хүүхдэд тэр нь маш их урам өгч, нээрээ л би дуучин болж чадах юм байна гэж боддог болсон. Тэгээд арван жилээ төгсөөд дуучин болохоор шийдээд бэлтгэж байсан. Тухайн жил манай “СИТИ” Их сургууль анх удаа мюзклын жүжигчний ангийн элсэлтээ авч, Ц.Батнайрамдал багшийнхаа шавь болж байлаа. Ингээд “СИТИ” их сургуулийг 2012 онд мюзклын жүжигчин мэргэжлээр төгссөн. Жүжигчний мэргэжил хүнийг маш олон талаар хөгжүүлдэг гайхалтай мэргэжил. 2008-2012 оны хоорондох манай үеийнхэн “Гурван Батын үе” гэж бахархаж ярьдаг байсан үе л дээ. Учир нь манай ангийн багш Ц.Батнайрамдал, Хөгжмийн онолын багш маань Соёл-Эрдэнэ хамтлагийг үүсгэн байгуулагч Ж.Батсайхан, Бүжгийн багш маань МУГЖ Л.Баттуул байлаа. Бид мюзклын жүжигчний анги байсан болохоор жүжигчний ур чадвараас гадна дуу, хөгжмийн хичээлүүд их орно. Энэ гурван багш маань маш чанга өндөр хариуцлагатай, биднийг их чангалдаг байсан. Гурван багшаасаа гадна олон сайхан багш нараараа хичээл заалгаж, өдий зэрэгт хүрчээ.
-Багш нарын заах арга барил таны уран бүтээлч болоход хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?
-Мэдээж маш их нөлөөлсөн. Манай анги сургуульдаа нэр хүндтэй, идэвхтэй, хариуцлагатай анги байлаа. Энэ бол багш нарын маань гавъяа гэж боддог. Багш нар маань бидэнд багаар ажиллах чадвар, этик, ёс зүй, уран бүтээлч хүний хариуцлага, биеэ хэрхэн авч, уран бүтээлч хүн ямар байх ёстой зэрэг олон чадварыг зааж өгсөн гэж боддог. Багш нарынхаа зааж сургасан эрдэм мэдлэг, хүмүүжлээр уран бүтээлээ туурвиад явж байна даа.
-Оюутан байхдаа оролцон тоглож байсан хамгийн мартагддаггүй уран бүтээл чинь юу байсан бэ?
-Олон уран бүтээл бий л дээ. Бидний үед нэг уран бүтээлийн ард гарахын тулд зөвхөн жүжигчний тэнхимээс гадна дуулаачийн тэнхим, гоо зүйн тэнхим, хувцас дизайны тэнхим нийлж байж ард нь гардаг байлаа. Оюутан цагаасаа уран бүтээл дээр ажиллахдаа яг л театрын зарчмаар мэргэжлийн уран бүтээл шиг ажилладаг байсан. Дипломын жүжгүүдээ бид Парисийн дарь эхийн сүм, Cats зэрэг мюзиклыг төрөлх хэл дээр тавьсан нь мэргэжлийн уран бүтээлчдээс маш өндөр үнэлгээ авч байсан. Яг л мэргэжлийн театрын түвшинд тавьж байна гэж хэлж байлаа. Түүгээрээ маш их бахархдаг. Жишээлбэл, тухайн мюзиклдээ тоглох гол дүрүүд дээр шалгаруулт явуулдаг байсан. Эсмэралдагийн дүрд 6 хүн өрсөлдөж байх жишээтэй.
-Ажлын гараагаа сургууль дээрээсээ эхэлж байсан байдаг. Хувьсал продакшнтай холбогдсон түүхээсээ хуваалцаач. Өдгөө тус продакшны бүхий л дэлгэцийн бүтээлийн зохиол дээр ажиллахаас гадна найруулагчаар та ажилладаг шүү дээ.?
-Ажлын гараагаа “СИТИ” Их сургуулиасаа эхэлж байлаа. Их сургуулиа төгсөөд ангийнхаа хэдэн найзын хамтаар сургуульдаа туслах багшаар ажиллаж эхэлсэн. Харин уран бүтээлч хүнийхээ гарааг “Хувьсал” продакшнаасаа эхлүүлж байсан түүхтэй. Хувьсалтай холбогдсон түүх сөхөхөд, гуравдугаар курсд байхдаа манай ангийнхан УДЭТ-т дадлагатай байхад “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тавигдаж байсан юм. Тэр жүжгийн олны хэсэгт манай ангийнхан тэр чигээрээ тоглож байлаа. Тухайн үед Урнаа эгч намайг олж харсан юм билээ. Бид чинь дипломын жүжгүүдээ драмын театрт тавьдаг. Дипломын жүжгээс гадна Францын элчин сайдын яамтай хамтарч “Парисийн дарь эхийн сүм”-ийг ч УДЭТ-т тавьж байсан. Тэр бүрийг л теартын уран бүтээлчид мэдээд л хараад л байдаг байсан юм билээ. Ингээд сургуульдаа ажиллаад нэг жил гаруйн хугацаа өнгөрсний дараа “Хувьсал” продакшн уран бүтээлч шалгаруулж авна гэх зарын дагуу очиж, хоёр шатны шалгаруулалтад орж, тэнцсэн. Эхний шалгаруулалтад Урнаа эгч “Чамайг шалгахгүй, шууд тэнцүүллээ ” гэсэн. Хоёр дах шатанд нь “Дурлахыг хориглоно” жүжгийн зохиол дээр хоёр хоёроороо партнерлоод жүжгийн хэсгээс үзүүлээд тэнцсэн. Тэр үед ганцаараа жинхлэгдэж байлаа. Өдгөө “Хувьсал” продакшндаа ажиллааад 10 гаруй жил өнгөрсөн байна.
-Уран бүтээлч болох хүсэлтэй суралцаж буй оюутнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэн тэргүүнд, жүжигчний ангийн оюутнууддаа хандаж юуны төлөө яваад байгаагаа эхлээд сайн ойлгоорой гэж хэлье. Ур чадвар чухал уу, хөрвөх чадвар чухал уу гэх мэт чухлын дараалалтай суралцаарай гэж хэлмээр байна. Дөнгөж төгссөн оюутнууд маань хүнээс үг сонсож сураагүй, их хэврэг сэтгэл зүйтэй болсон юм шиг санагддаг. Хэн нэгэн багшаас, хэн нэгэн хүнээс чиний ирээдүй хамаарахгүй. Ганцхан өөрөөс чинь хамаардаг шүү гэдгийг чухалчилж хэлмээр байна. Тууштай л байх нь чухал. Манай багш нар бидэнд юу зааж сургадаг байсан гэхээр “СИТИ”-гийн жүжигчний ангийн оюутнууд цаашлаад Урлагийн сургуулийн бүх л оюутан оюутан байхаасаа л маш гоё байх ёстой гэж. Түүнчлэн “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа багш маань өөрөө урлагийн хүн учраас Урлагийн сургуулийнхандаа их хайртай, бидэнд маш их боломжыг олгож чаддаг хүн. Хэзээд ч яваад орсон сүү шиг цагаан сэтгэлээр төгсөгчдөө угтаад авдаг. Залуу үеэ үргэлж дэмждэг. Манай сургууль чинь эргэх холбоо сайтай, нөхөрсөг сургууль шүү дээ.
Л.ХИШИГСАЙХАН