Ж.ДОЛГОРСҮРЭН: Монголд соёл, урлаг судлалын эрдэм шинжилгээний гурван хүрээлэн байгаагийн нэг нь манай сургуульд бий

“СИТИ” Их сургуулийн Олон улс соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Монгол түмний сар шинийн баяр болж өнгөрлөө. Тантай ярилцаж байгаагийн хувьд сар шинийн соёл, ёс заншлын талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол үндэсний соёл нь захчин, урианхай, хотгойд, халх, дарьганга, баяд, дөрвөд, үзэмчин, буриад зэрэг олон угсаатны соёлоос бүрддэг олон талт хэв шинжтэй бөгөөд монгол хэл, ардын мэдлэг, монгол гэр, үндэсний хоол, хувцас, язгуур урлаг зэрэг өвийг нэг дор цогцолсон нь Цагаан сар юм. Цагаан сар бол монголчуудыг бусад ард түмэн, үндэстнээс ялгадаг өвөрмөц шинжтэй, монгол хүний оюуны үнэт зүйлийг шингээсэн цогцолбор соёл. Цагаан сарыг цогцолбор шинжтэй гэхийн учир нь нэгд, Монгол орны эрс тэс уур амьсгалтай байгаль, газар зүйн орчны онцлог, хоёрт, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг амьдралын хэв маяг, гуравт, тэдгээртэй нягт уялдаатай байгалийг амьтай хэмээн сэтгэх соёл, гоо сайхны сэтгэлгээ, түүнд тулгуурлан үүсч бүрэлдсэн монгол амьдрал, аж төрөхүйн онцлог, уламжлал болж өвлөгдсөн ёс заншил, зан үйл, шүтлэг, сүсэг бишрэл, байгалийг таньж мэдсэн ардын мэдлэг, ухаан цөм цогцолсон байдаг. Иймд Цагаан сар, Монгол Наадам бол монголын нүүдэлчний соёлыг, тэр дундаа ард түмний нэгдмэл үзэл санаа, ёс заншил, нийгмийн эв нэгдлийг илэрхийлдэг хамгийн чухал үнэт зүйл мөн. Тийм ч учраас Монгол Наадамыг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн жагсаалтад 2010 онд бүртгүүлсэн нь энэ өвийн хүн төрөлхтний соёлд эзлэх байр, үнэ цэнийг тодорхойлж байна. Цагаан сар ч гэсэн яг ийм үнэ цэнтэй, гүн гүнзгий утга бэлгэдэлтэй соёлын өв. Цагаан сар бол Ази, Дорно дахины цагалбар ёсоор хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгож байгаа баяр. Гэхдээ Монгол Цагаан сар бол Азийн бусад оронд болдог хаварын баяраас тэмдэглэдэг цаг хугацааны хувьд ч, ард түмний хийж заншсан зан үйл, ёс заншлын хувьд ч их өөр, зөвхөн монгол хүнд л байдаг хүн-байгаль-нийгмийн харилцаан дахь сэтгэл, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, хайр, хүндэтгэл, тэдгээрийг илэрхийлдэг уламжлалт соёлын өв юм. Цагаан сарын гол бэлгэдэл нь нүүдэлчин монголчууд мал сүрэг нь тарган тавтай өвөлийг өнтэй давж, хаврын уринтай золгож байгааг бэлгэдсэн малчин түмний баяр боловч монголчууд бид бүгдээрээ малын ашиг шимийг хүртэж амьдардаг малчин удмын хүмүүс учир энэ баяр монгол үндэстэн нэгдмэл байх, монголын нийгэм тогтвортой хөгжих үндсийг бүрдүүлдэг гол хүчин зүйл болдог нийгмийн ач холбогдолтой. Нэг ёсондоо монгол үндэстний тусгаар тогтнол нь Цагаан сар, Монгол Наадамд зангидагдаж байгаа учир монгол хүн бүр энэ соёлын өвд хүндэтгэлтэй хандах, ёсыг нь дагах учиртай. Цагаан сар зэрэг үндэсний соёл бол хүн-байгалийн, хүн-хүний, хүн-нийгмийн харилцаанд оршдог нэн өргөн хүрээтэй, гүнзгий агуулгатай бидний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл юм. Цагаан сараар өвөг дээдсийнхээ ёсыг  баримталж, гэр бүл, ахан дүүсээрээ өргөн дэлгэр золгож тэмдэглэх нь монголын нийгмийн, улмаар монгол үндэстний нэгдмэл байдлыг хангаж байгаа хэрэг. Тийм ч учраас Монголын төр энэ баярт ач холбогдол өгч бодлогоор дэмжиж, бид ч Цагаан сарын баярт эртнээс бэлтгэдэг. Энэ жилийн Цагаан сарын золгол өргөн дэлгэр сайхан болсонд хүмүүс баяртай байгаа нь анзаарагдсан.  Орчин үеийн техник, технологийн хөгжлөөс үүдсэн соёлын харилцаа нь бидэнд олон сорилт авч ирсэн. Тухайлбал, монгол хэл, угсаатны соёл өөрийн язгуур хэв шинжээ алдах эрсдэлтэй тулгарсныг олон нийт үндэсний соёлын мөхөл гэж харах боллоо. Германы сэтгэгч Освальд Шпенглер “Закат Европы” хэмээх алдарт бүтээлдээ соёл бол органик шинжтэй бусад амьд организмын нэгэн адил төрж нялх балчир насыг туулдаг, хөлд орж өсдөг, аажимдаа өтөлж доройтож мөхдөг хөгжлийн циклийг туулна гэж үзсэн. Энэ зүй тогтлын үүднээс харвал Цагаан сар зэрэг үндэсний соёл мөн адил цаг хугацаа, орон зайн хүчин зүйлийн нөлөөгөөр дээрх амьдралын циклийг туулдаг. Гэхдээ энэ өөрчлөлт гадаад хэлбэр талдаа явагдаж байвал аюулгүй. Харин дотоод бэлгэдэлт шинж чанарт өөрчлөлт орж эхлэх үест монгол үндэстэн устна. Байгалийг хайрлах, ахмадаа хүндэтгэх, хүн хүндээ сайн сайхныг хүсэж, эв нэгдэлтэй амьдрах үндэсийг уламжлалт соёл маань бүрдүүлдэг учир Цагаан сарын бэлгэдэлт утгыг бид хүүхэд залуучуудад ойлгуулж, өвлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь үндэстний оршин тогтнох аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг юм.

-Соёл гээд ярьсных Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ярих болжээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-В.И.Ленин “Соёлыг бодлогогүй хөгжүүлбэл ардаа элсэн цөлийн авч ирнэ гэсэн онолын үзэл баримтлал дэвшүүлсэн байдаг. Энэ нь соёлыг төрийн бодлогоор удирдахгүй бол үндэстэнд хор уршигтай гэсэн үг. Соёлын харилцааг төрөөс ухаалаг бодлогоор удирдахгүй бол ялангуяа өнөөгийн зах зээлийн нийгэмд үнэтэй бүхнээ алдах магадлал их өндөр. 1996 онд Монгол Улс төрөөс баримтлах соёлын бодлогын баримт бичиг, “Соёлын тухай” хууль боловсруулж УИХ-аар батлуулсан нь ч үүнтэй холбоотой юм. Түүнээс хойш Монгол Улсын соёлын бодлогод 12 удаа өөрчлөлт орсон. Өнөөгийн нийгэм хурдтай өөрчлөгдөн хөгжиж байгаа учир түүнд тохирсон соёлын харилцааг зохицуулах бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай тулгарсаар байна. Үүний нэг илрэл нь соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх явдал бөгөөд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай болсон. Зах зээлийн нийгэмд үндэсний соёлоос юуг зах зээлийн хуулиар, юуг хар хайрцагны бодлогоор хөгжүүлэх вэ гэдэгийг зохицуулах шаардлагатай. Тиймээс 2024 онд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдаад хэрэгжих шитандаа орсон. Энэ хуулиар нэгдүгээрт, соёлын өвөө хамгаална. Хоёрдугаарт, Зах зээл дээр соёлын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ хоёр талт зорилго нь хооронд зөрчилтэй, аль аль нь нийгэмд хэрэгтэй. Ийм онцлогтой соёлын харилцаа өрнөж байна. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар, 93 чиглэлээр соёл, урлагийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж үндэсний хийгээд дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн бодлого явж байна. Энэ бодлогын хэрэгжилтэд кино, хөгжим, хувцас загвар, дизайн, ном хэвлэл, дижитал контент тэргүүлж явна. Нөгөө талаас соёлын аялал жуулчлал. Монголд соёлын маш гайхалтай өв байна. Соёлын өвийг жуулчдад хөтөч хийгээд явж байгаа нөхдүүд маань тайлбарлаж мэддэггүй асуудал байна. Соёлыг зах зээл дээр амжилттай зарж соёлын эдийн засгийг хөгжүүлэхэд бидэнд хийх ажил их байна даа.

-“СИТИ” Их сургууль Олон улсын соёл судлалын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсад Соёл, урлаг судлалын чиглэлийн гурван эрдэм шинжилгээний хүрээлэн байна. Үүний нэг манай Сити их сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэн юм. Анх 1975 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор байгуулагдсанаар одоогийн СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн суурь тавигдсан. Тэгвэл 1998 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол улсын засгийн газрууд хоорондын олон талт, олон улсын гэрээгээр “ЮНЕСКО-гийн ивээл дор нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн” байгуулсан. Ингээд гурав дахь нь 2024 онд “СИТИ” Их сургуульд байгуулагдсан Олон улсын соёл судлалын хүрээлэн юм. Монгол Улсад соёл судлал шинжлэх ухааны харьцангүй бие даасан салбар болон хөгжиж байна. Соёл судлалаар их сургуулиуд бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Нэгэнт энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа учир соёл судлаачдын хүчийг занигидаж эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэхийг бид зорьж байна. Бид монголын нүүдэлчний соёлын судалгаагаа олон улсад гаргах, олон улсын монгол судлаачидтай хамтарч ажиллана. Хүрээлэн байгуулагдаад АНУ дахь Вашингтон хотод байдаг Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Олон улсын хуралд нь оролцож илтгэл тавьж хэвлүүлсэн. Мөн 2024 оны 8 дугаар сард Кембриджийн эрдэмтэдтэй хамтраад Кембридж форум II Улаанбаатар хотод зохион байгуулсан. Соёлын яамны захиалгаар бүх нийтийн соёлын боловсролын богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах төсөл СИТИ Их сургуульд хэрэгжүүлээд байна.

-“СИТИ” Их сургуулийн  Ахисан түвшний сургуульд гадаад дотоодоос олон оюутан суралцдаг. Ямар ямар мэргэжлээр магистр, докторын элсэлт авч байна?

-“СИТИ” Их сургуулийн Ахисан түвшиний сургууль 2021 онд байгуулагдсан. Ахисан түвшний сургуульд Бизнесийн удирдлага, Урлаг судлал, Соёл судлал, Менежмент зэрэг докторын хөтөлбөр, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Урлаг судлал, Соёл судлал, Дуулах урлаг, Хувцас дизайн, Боловсрол судлал, Эрх зүй, Сэтгүүл зүй, Гоо заслын технологи зэрэг магистрын хөтөлбөрүүдээр сургалт явуулж байна. Энэ хичээлийн жилд нийт 411 ахисан түвшний оюутан суралцаж байгаагаас 75 докторант суралцаж байна. Урлаг судлал докторын хөтөлбөрөөр сүүлийн жилд дизайны урлаг судлал, дуулах урлаг, хөгжимдөх урлаг, шинэ медиа урлаг, ухаалаг хотын тохижилтын дизайн зэрэг чиглэлээр нийт 9 Урлаг судлалын Ph.D докторын зэрэг хамгаалсан. Магистрын хөтөлбөрүүд тухайн мэргэжлийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдэх арга замыг тодорхойлох зорилгоор судалгаа хийж тухайн салбарын хөгжлийг дэмжих, мэргэжлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гарц, шийдлийг олох судалгаа, боловсруулалтын ажил хийж хамгаалах, эсвэл мэргэжлийн шалгалт өгч төгсөх зэрэгээр боловсролын зэргээ ахиулж байна.