“СИТИ” Их сургуулийн Хуулийн сургуулийн II курсийн оюутан Н.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гаас жил бүр уламжлал болгон гардуулдаг тэтгэлгийг хүртэж, 100 хувь хөнгөлөлттэй суралцах болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Би сургуульдаа элсэн орсноос хойш хичээлээ тасалсан, хоцорсон удаа байхгүй. Хичээлдээ маш их дуртай, идэвхтэй суралцдаг. Энэ тэтгэлэг надад үнэхээр том боломж, дэмжлэг болсон.
-Тэтгэлэг авахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Нэгдүгээрт, миний хичээл зүтгэл, хичээлдээ зориулсан цаг хугацаа, оролцоо нөлөөлсөн байх. Миний хувьд хичээлдээ идэвхтэй байж, бүх үйл ажиллагаанд хамрагдаж, бусдаас суралцахыг эрмэлздэг. Энэ тэтгэлэг миний ирээдүйд чухал түлхэц болох бөгөөд хуулийн салбарт амжилттай ажиллах, нийгэмд хэрэгтэй хуульч болохоор зорьж байгаа зорилгодоо хүрэхэд маш их урмаар тэтгэсэн үйл явдал боллоо.
-Хэрхэн “СИТИ” Их сургуулийг сонгон суралцах болсон бэ?
-10 дугаар ангид байхдаа “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуульд кино драмын ангид орох хүсэлтэй байсан ч аав, ээжтэйгээ зөвлөөд сургуулийнхаа хуулийн ангид элсэн орсон. Хуульч болох нь нийгэмд жинхэнэ өөрчлөлт хийхэд томоохон нөлөөтэй гэж би бодсон. Эмч хүн хүний өвчнийг эмчилдэг бол хуульч хүн нийгмийг эмчилнэ. Шударга ёсыг тогтоохыг хүссэн учраас хуульчийн мэргэжлийг сонгосон.
-Сургуулийн орчин, багш нарын талаар чиний бодол?
-Манай сургуулийн орчин маш гоё. Энэ нь суралцах таатай орчинг бүрдүүлдэг. Багш нар маань мэргэжлийн, оюутнууддаа өндөр түвшинд хичээл заадаг. Би хичээлдээ бүрэн анхаарал хандуулж, их зүйл сурч байна. Мөн миний хувьд сургуулийн оюутны холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
-Багш нар ямар зөвлөгөө, захиас өгдөг вэ?
-Багш нар маань бидэнд та нар зөв мэргэжлээ сонгосон. Нийгэмд олон эрх зүйч бий болох юм бол нийгэм гэгээрнэ гэдэг. Түүнчлэн багш нар үргэлж “Ном их унш, оюун ухаанаа үргэлж тэлж бай” гэж зөвлөдөг. Бидэнд зөвхөн хичээл бус, амьдралд ч хэрэг болох мэдлэг, чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог. Хамгийн гол нь багш нар маань бидэнд зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх бус биднийг зөв амьдрах, зөв хүмүүжилтэй байлгахыг зорьдог. Мөн аливаа асуудалд өөрийн байр сууриа хамгаалах, шударга байж, хариуцлагатай байх хэрэгтэйг захидаг.
-Дуртай хичээл нь юу вэ?
-Миний дуртай хичээл бол эрүүгийн эрх зүй. Энэ хичээл миний мэргэжлийн ирээдүйд чухал ач холбогдолтой гэж боддог. Цаашдаа эрүүгийн эрхзүйгээр мэргэшнэ гэж төлөвлөж байна. Анхан шатны шүүхийн хуралдаанд суусны дараа мэргэжлээрээ их бахархсан. Эрүүгийн эрх зүй бол зөв шударга ёс тогтоох нэг хэлбэр гэж үздэг. Цаашдаа эрүүгийн эрхзүйгээр мэргэшнэ гэж бодож байна.
-Хуулиар сурах гэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Хуулиар сурах гэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зүйл маань эргэлзэх хэрэггүй. Шууд элсээд орж ирээрэй гэж хэлье. Хууль бол нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, нийгэмд шударга ёс тогтоох, хүн бүрийн эрхийг хамгаалах хамгийн хүчирхэг зэвсэг гэж би хардаг.