Редакцын зурвас

Эрхэм оюутан залуус, багш ажилчид, уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе.
“СИТИ” Их сургуулийн "CITI CAMPUS NEWS" сонины гурав дахь дугаар буюу 2025 оны анхны дугаараа та бүхэнд өргөн барьж байгаадаа баяртай байна.
Энэхүү дугаартаа бид олон сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллүүдийг багтаасан бөгөөд “Манай багш” буланд “СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор (Sc.D), профессор Ж.Тэмүүжин сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн Хувцас дизайны IV курсийн оюутан, Монгол модел агентлагын модел Э.Мөнхтулга 2025 оны загварын чиг хандлагыг онцолж, ирэх онд ирвэс, барын хээ бүхий хэвлэлүүд, эрчилж, тунарсан загвартай плажнууд, минималист, дэрвэгэр сул тунарсан материалтай цамцнууд тренд болж, моодонд орох төлөвтэйг дуулгав. Түүнчлэн Хятад хэлний орчуулагчийн ангийн төгсөгч Маржан ярилцлагадаа хятад хэлийг сурахдаа юуг анхаарах талаар ярив. Мөн сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, сонирхолтой номыг ч танд санал болгов.
Та бүхэн 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Шинэ дугаараа шимтэн уншиж, шинэ мэдээ, мэдээллүүдтэй танилцаарай.

“CITI CAMPUS NEWS” редакцын баг