“СИТИ” Их сургуулийн бусдаас ялгарах онцлог бол тогтвортой хөгжүүлж байгаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм. Бид Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны (UMAP) байгууллагын гишүүн бөгөөд Европын Холбоо, БНФУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Малайзын дэлхийд эрэмблэгдсэн, нэр хүндтэй 40 гаруй их, дээд сургуультай түншлэлийн гэрээ байгуулан, дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:
- оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх;
- сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
- багш, судлаачдад хамтарсан судалгааны ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох мэдээллийг харилцан солилцох;
- боловсрол, судалгаа, соёлын олон талт хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах.
Бид сүүлийн 10 гаруй жил олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцон чадавхжиж, Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй хэрэгждэг ERASMUS хөтөлбөрийг 3 удаа амжилттай хэрэгжүүлсэн бол 2023 оноос 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай сургууль 2013-2017 онд хэрэгжүүлсэн ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ солилцооны хөтөлбөрийн зохицуулагчаар сонгогдож, уг төслийн хүрээнд 30 гаруй багш, ажилтан, оюутан Франц, Итали, Польш Улсад тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах боломжийг олгосон юм.
Мөн “СИТИ” Их сургууль толгойлж 2023-2026 онд хэрэгжүүлэх бүс нутгийн олон улсын DIGITAL MOVE төсөлд Ази, Европын 13 сургууль оролцож байгаа бөгөөд Монгол, Вьетнамын их дээд сургуульд цахим шилжилт хийх, их дээд сургуульд чадавхи бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Түүнчлэн 2024-2027 онд хэрэгжих оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд Франц улсын Кут д’Азурын их сургуульд нэг улирал суралцах бол багш, профессорууд богино, дунд хугацаанд тус сургуульд очиж ажиллан туршлага судлах боломж бүрдлээ.
“СИТИ” Их сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2024-2025 оны хичээлийн жилд гадаадын 300 гаруй оюутан суралцаж байна.