
Цэмбэлийн Байгалмаа /PhD, профессор/
Оюутан, суралцагч, төгсөгчид, багш, ажилтан, эцэг эхчүүд, хамтран ажиллагчид болон “СИТИ” Их сургуулийн хөгжлийг дэмжигч эрхэм хүндэт та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье!
“СИТИ” Их сургуулийг үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг асар том завшаан, нэр хүнд юм. Өнгөрсөн 27 жилийн турш бид сайн, сайханд тэмүүлэн байгууллагын соёлоо хадгалан, зогсолтгүй өргөжин хөгжиж байгааг та бүхэн харж байна. Бид мэдлэгийг түгээж, сониуч занг хөгжүүлэн, шүүмжлэлтэй сэтгэж сурах, улс, нийгэм, эх дэлхийнхээ хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулахад нь оюутан залуустаа туслах болно. Энэ бол энгийн агаад гүн гүнгий утга агуулгатай амлалт билээ.
“СИТИ” Их сургууль чанартай боловсролоор дамжуулан нийгэмд эерэг хувь нэмэр оруулах чадвартай, бүтээлч, манлайлагч иргэдийг бэлтгэх эрхэм зорилготой. Манай хамт олон олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсрол олгож, Азийн тэргүүлэх их сургуулиудын нэг болохын төлөө шинэ мэдлэг, инновацыг нэвтрүүлэн, тууштай ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бид СИТИ-гийн оюутнууд болон багш, профессоруудыг дэлхийн шилдэг их сургуулиудтай нэг түвшинд суралцаж, харилцаж, ажиллахыг хүсэж байна.
Өнөөдөр дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, боловсролын салбарт шинэ, шинэ сорилтууд бий болж байна. Бид энэхүү өөрчлөлтийг сорилт бус боломж гэж харж, практикт суурилсан сургалт, судалгаагаар дамжуулан оюутнууддаа амжилтад хүрэх замыг нээж өгөхийн төлөө хичээн зүтгэж байна. Бидний амжилт бол суралцагчдын амжилт юм!
“СИТИ” Их сургуульд итгэл хүлээлгэн, хамтдаа хөгжиж буй та бүхэнд талархал илэрхийлье! Бид хамтдаа ирээдүйг бүтээж, Монгол Улсынхаа боловсролын салбарт шинэ хуудас нээх болно.
Ерөнхийлөгч Ц.Байгалмаа