Эрхэм зорилго:
Хүнлэг, соёлтой, насан турш суралцах чадвар мэдлэг
бүхий иргэнийг
бэлтгэж,
нийгэмд үнэ цэн
бүтээнэ.
Алсын хараа:
Дэлхийн боловсролыг
Монголд эзэмших боломж
олгож, Азийн тэргүүлэх их сургуулиудын нэг
болно.
Уриа:
Scientia est Potentia,
Libertas
Мэдлэг бол Хүч,
Эрх чөлөө
“СИТИ” Их сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Танд талархал илэрхийлье.
Монгол Улсын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг “СИТИ” Их сургууль 1998 онд байгуулагдсан бөгөөд 2005, 2010, 2024 онд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчилагдсан юм. Өнгөрсөн хугацаанд бид улс орны бүхий л салбарт мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэж ирсэн ба манай төгсөгчид шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүй, соёл, урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна.
Өнөөдөр манай сургуулийн Ахисан түвшний болон бүрэлдэхүүний 6 сургуульд 3000 гаруй оюутан 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна. Манай сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2024-2025 оны хичээлийн жилд гадаадын 300 гаруй оюутан суралцаж байна.
“СИТИ” Их сургуулийн бусдаас ялгарах онцлог бол тогтвортой хөгжүүлж байгаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм. Бид Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны (UMAP) байгууллагын гишүүн бөгөөд Европын Холбоо, БНФУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Малайзын дэлхийд эрэмблэгдсэн, нэр хүндтэй 40 гаруй их, дээд сургуультай түншлэлийн гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна.
Бид сүүлийн 10 гаруй жил олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцон чадавхжиж, Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй хэрэгждэг ERASMUS хөтөлбөрийг 3 удаа амжилттай хэрэгжүүлсэн бол 2023 оноос 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай сургууль 2013-2017 онд хэрэгжсэн ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ солилцооны хөтөлбөрийн зохицуулагчаар сонгогдож, уг төслийн хүрээнд 30 гаруй багш, ажилтан, оюутан Франц, Итали, Польш Улсад тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах боломжийг олгосон юм.
Мөн Европын Холбооноос 2023-2026 онд хэрэгжүүлж буй олон улсын “DIGITAL MOVE” төслийг “СИТИ" Их сургууль тэргүүлж байгаа бөгөөд энэхүү төсөлд Ази, Европын 13 их сургууль оролцож байна. Түүнчлэн 2024-2027 онд хэрэгжих оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд Франц улсын Кут д’Азурын их сургуульд нэг улирал суралцах бол багш, профессорууд богино, дунд хугацаанд тус сургуульд очиж ажиллан туршлага судлах боломжтой болж байна.
“СИТИ” Их сургууль жилээс жилд өргөн хөгжиж байгаа бөгөөд орчин үеийн шаардлага хангасан техник, тоног төхөөрөмж, суралцах тав тухтай орчин бүхий анги танхим, хичээлийн байруудад сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Та бүхэн шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, ёс зүй, академик эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний ертөнцөд тавтай морилно уу.