“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулиас ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын “Намская гимназия” гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан “Орчин үеийн боловсролын чиг хандлага” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 04-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг нээж “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа болон “Намская гимназия” сургуулийн захирал Новгородов Александр Валерьевич үг хэлэв.
Мөн “СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар, Хүмүүнлэгийн сургуулийн захирал И.Ундрахгэрэл сургалт, үйл ажиллагааныхаа талаар тус тус товч танилцуулга хийсэн. Үүний дараа “Намская гимназия” ерөнхий боловсролын сургуулийн 43 багшид:
- “Орчин үеийн заах арга зүй”
- “XXI зууны багш боловсролын хөгжлийн чиг хандлага”
- “Монгол ардын уламжлалт тоглоомын арга зүй” сэдвээр сургалт явууллаа.
Сургалтын төгсгөлд “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн багш, оюутнуудын бяцхан тоглолт үзүүлсэн бөгөөд сургалтын үр дүн, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох зорилгоор оролцогчдын дунд санал асуулга, судалгаа явуулсан юм. Сургалтад хамрагдсан 43 багшаас 41 нь санал асуулгад оролцож, сургалт маш үр дүнтэй байсан буюу 100 хувь ТИЙМ гэсэн хариулт өгсөнд бид баяртай байна.
Xамтран ажилласан “Намская гимназия” сургуулийн захирал болон багш нар, “СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны алба болон Урлагийн сургуулийн оюутан, багш нартаа талархал илэрхийлье.