“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимээс 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөт ажлын нэг болох “Хэлний баяр-2022” арга хэмжээг зохион байгуулав.
“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуульд 40 гаруй хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Монгол хэлнээс гадна Англи, Хятад ,Солонгос, Франц, Япон, Орос хэлийг сонгон суралцаж буй юм.
“Хэлний баяр-2022” үеэр “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа “Олон улсын хэлийг сонгон суралцаж өөрсдийн ур чадвараа дотоод гадаадын тэмцээн уралдаан амжилттай оролцон бататгаж буй оюутнууддаа баяр хүргэж дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшин гадаадын томоохон сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрбээр ирэх жилүүдэд оюутнуудынхаа гадаадын томоохон их дээд сугуулиудад сурах боломж нөхцөлийг илүү сайжруулж олон улсын хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажилд анхаарлан хандуулан үр дүнтэй ажиллаж буйгаа дуулгасан юм. Тухайлбал АНУ-ын 20 гаруй их дээд сургуульд “СИТИ” Их сургуулийн төгсөгч 20-40 хувь хөнгөлттэй үнээр ахисан түвшинд суралцах, Ази, Европын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, 2+2 хөтөлбөрөөр Солонгос ,Орос, Хятад зэрэг улсад суралцах боломжууд нээгдэж байгаа” зэргийг хэлж байлаа.
Мэргэжлийн орчуулагчийн анги, гадаад хэлний сонгоны ангийн оюутнуудаас гадна бусад мэргэжлээр сурч буй оюутнууд судлан суралцаж буй гадаад хэл дээрх олон төрлийн арга хэмжээг энэ өдөр сонирхуулсан юм. Тухайлбал улс орнуудын үндэсний хувцасаар нь гоёж, түүх, соёл зан заншил зэргийг харуулсан танилцуулга үзэсгэлэн гаргаж, тухайн суралцаж буй хэл дээрх урлагийн тоглолт мэндчилгээ дэвшүүлэн хэлний баяраа тэмдэглэлээ.
Оюутнуудын тухайд суралцаж буй хугацаандаа хэлний түвшингийн шалгалтыг өгч, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал “СИТИ” Их сургуулийн Хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнууд энэ хичээлийн жилд “Хятад хэлний гүүр” олон улсын уралдаанд оролцож III курсын оюутан М.Маржан тэргүүн байр эзэлж магистрийн 100 хувийн тэтгэлэг, Дэлхийн уралдаанд оролцох эрх, II курсын оюутан О.Мөнхмаа шилдэг 8-д, Н.Болор-Эрдэнэ, А.Динара нар тусгай байр эзэлж өөрсдийн ур чадвараа дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд харуулж байна. Түүнчлэн Хятад хэлний орчуулагчийн IV курсын оюутан Н.Болор-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан юм. Мөн Япон хэлний орчуулагчийн ангийн оюутнууд 1 жилийн дадлагажигч хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уг хөтөлбөрт хамрагдах оюутнууд ирэх 7 дугаар сард Япон улсыг зорих гэж байна.