АРХИТЕКТУР-ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙНХАН ДЭЛХИЙН АРХИТЕКТОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2024 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Малайз улсын Куала-Лумпур хотод Дэлхийн архитекторуудын чуулга уулзалт зохион байгуулагдлаа. 

Энэхүү чуулга уулзалтад 5 тивийн 100 гаруй улс орон оролцож, олон улсын архитектурын чиг хандлага, шинэ санал, санаачлагуудыг хэлэлцсэн юм. Монгол Улсаас тус чуулга уулзалтад "СИТИ" Их сургуулийн Архитектур, дизайны сургуулийн захирал Э.Шинэзаяа, багш А.Намуун нар оролцлоо. 

Чуулга уулзалтад 800 гаруй эрдэм шинжилгээний ажил ирснээс 120 судалгааны ажил шалгарч, Монгол Улс “Социализмын үеийн монгол дахь барилгуудад хэрэглэсэн чимэглэлийн элементийн хөгжлийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлээ танилцууллаа. Судалгааны ажлыг Э.Шинэзаяа, А.Намуун, Б.Байгал-Эрдэнэ, Мохд Азли Мохамед Жамил нар хамтран бичиж, Монгол болон Малайз улсын хамтарсан судалгааны ажил болсон юм. 

Мөн чуулга уулзалтаар гурван жилд нэг удаа зохиогддог UIA (Дэлхийн Архитекторуудын Нэгдсэн Холбоо) Ерөнхий Ассамблей зохион байгуулагдлаа. Монгол Улс хоёр саналын эрхтэйгээр оролцож, 13 зүйл заалтын өөрчлөлт дээр санал өгөв.

Чуулга уулзалт Монголын архитектурын салбарыг олон улсын түвшинд гаргах, шинэ санал, санаачлагуудыг хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж өглөө.