Урлагийн сургуулийн Жүжиглэх, найруулах урлагийн III курсийн оюутан Г.Ганцэцэгтэй ярилцлаа.
-"Miss Tourism World" тэмцээнээс "Miss Photogenic" шагнал хүртжээ. Баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэрхэн оролцох болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Тэмцээнд оролцох болсон шалтгаан маань өөрийгөө сорих, цаашлаад эх орныхоо нэрийг гаргах, аавынхаа нэрийг дэлхийн тайзан дээр бахархалтайгаар дуудуулахыг хүссэн.
-Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Ганзоригийн Ганцэцэг гэдэг. Би таван хүүхэдтэй айлын дунд охин нь. Хоёр ах, ихэр эмэгтэй дүүтэй. “СИТИ” Их сургуулийн Жүжиглэх урлагийн III курсийн оюутан. Мөн “Торго модел” агентлагт Азийн “хатан хаан” мисс, модел Г.Оюунгэрэлийн шавь. Би "Miss World Mongolia" үндэсний ялагч шалгаруулах тэмцээний “Зэс эрдэнэ”-ийн шагнал хүртэж байсан.
-“СИТИ” Их сургуулийг хэрхэн сонгох болсон бэ?
-Би багаасаа л загвар өмсөгч, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Ахлах ангидаа хувцас дизайнер болох мөрөөдөлтэй байсан ч эцэст нь зүрх сэтгэлээ дагаж жүжигчин мэргэжлийг сонгосон. Жүжигчин болох амар биш гэдгийг мэдэж байсан ч энэ мэргэжилд бүхнээ зориулахаар шийдсэн. “СИТИ” Их сургуулийг сонгох болсон шалтгаан ч онцгой. Нэн тэргүүнд чадварлаг багш нар, тэгээд сургалтын орчин. Би 9 дүгээр ангид байхдаа “СИТИ” Их сургууль руу утасдаж, сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваад ахлах ангиа төгсөөд шууд л эргэж буцалтгүй энэ сургуулиа сонгож байсан.
-"Miss Tourism World" тэмцээний тухай эргээд оръё. Олон улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөхөд ямар байсан бэ?
-Олон орны үзэсгэлэнт эмэгтэйчүүдтэй нэгэн гараанаас эхлэж, туршлага солилцож, олон орны соёлтой танилцаж, найзууд болсон маань хамгийн мартагдашгүй дурсамжтай мөчүүд болж үлдлээ. Бүх сорилтыг сандралгүй даван туулсан хэдий ч энэхүү тэмцээн маань миний хувьд маш том туршлага болсон. Дараа дараагийн тэмцээнүүддээ ихээхэн туршлага хуримтлууллаа гэж харж байна.
-Тэмцээний хамгийн мартагдашгүй мөч юу байв?
-"Монголиа, Ганзориг Ганцэцэг" хэмээн тайзнаа зарлуулж, шагнал аваад тайзнаас буух үе. Тэр агшинг юутай ч зүйрлэшгүй, маш гайхамшигтай байсан даа.
-Урлагийн сургуулийн оюутны хувьд жүжиглэх ур чадвар тэмцээнд чинь нөлөөлсөн болов уу?
-Мэдээж, жүжиглэх ур чадвар маань тэмцээнд нөлөөлсөн. Өөртөө итгэх итгэл, олон хүний өмнө сандралгүй гарах, өөрөөрөө байж, хийе гэж бодсон зүйлсээ тултал нь хийхэд энэ мэргэжлийн ур чадвар маш том нөлөөлөл үзүүлсэн гэж бодож байна.
-Ирээдүйд өөрийн мэргэжлийн болон хувь хүний ямар зорилтууддаа анхаарах төлөвлөгөөтэй байна вэ?
-Ирээдүйд олон зүйлийг хийхээр төлөвлөж байна. Чадахаасаа чадахгүй хүртлээ бүх зүйл дээр хичээнэ гэж өөртөө хэлдэг.
-Дараа дараагийн тэмцээний тов гарсан уу?
-Одоогоор дараагийн тэмцээний тов хараахан гараагүй байна.
Ц.ЦЭРЭНБЯМБА