Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлгийн сонгон шалгаруулалт бүх хүнд ижил тэгш боломж олгох байдлаар явагддаг учраас орон нутгийн болон зорилтот бүлэгт хамрагддаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бүх хүн өргөдөл ирүүлэх боломжтой. Австралийн тэтгэлэгт хамрагдахын тулд бүх нийтлэг болзол шалгуурыг хангах ёстой юм. Түүнийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсанд байршуулсан “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-аас үзэж болно.
Монгол Улсаас өргөдөл гаргагчдад тавьдаг тусгай шалгуур:
• Монгол Улсын иргэн, өргөдөл гаргах үедээ Монголд оршин суудаг байх;
• Өргөдөл гаргагчид 3.0 болон түүнээс дээш голч оноотой, бүтэн цагаар суралцсан бакалаврын дипломтой байна. Хэрэв тухайн бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь төгссөн их, дээд сургуулиасаа дүнгийн голч онооны тодорхойлолт авах ёстой;
• Өргөдөл гаргагчид нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (нэгж оноо 5.5-аас доошгүй) эсвэл iBT2-TOEFL, PTE-ийн дүйцэх оноотой байна. (Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн Academic IELTS, iBT-TOEFL болон PTE–ийн оноог хүлээн зөвшөөрнө. General IELTS, TOEFL Test Home Edition болон Institutional TOEFL–ийн оноог хүлээн зөвшөөрөхгүй).
• Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх хүн 2021 оны 2-р сарын 1-ний байдлаар болон түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотолно. (Хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно. Тасралтгүй ажилласан жилийг зөвхөн бакалаврын болон магистрын зэргээ хамгаалсан өдрөөс хойш тооцож, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажуулна).
Монгол Улсаас өргөдөл гаргагчдад тэтгэлгийг дараах ангиллаар олгоно:
Ангилал 1: Нийт тэтгэлгийн 50 хувийг төрийн албан хаагчдад олгоно.
Ангилал 2: Нийт тэтгэлгийн 50 хувийг (хувийн хэвшлийн иргэний нийгмийн болон олон улсын байгууллага) албан хаагчдад олгоно.
2022 онд тэтгэлгийг танхимын болон судалгааны магистрын хөтөлбөрт олгоно.
Ямар чиглэлээр суралцаж болох вэ? Сонгон суралцах курс нь сургалтын тэргүүлэх салбарт нийцсэн байх ба Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт нийцсэн байх ёстой. 2022 оны тэргүүлэх чиглэлд дараах салбарууд хамаарна. Үүнд:
• Хөдөө аж ахуй, байгаль орчин судлал
• Боловсрол
• Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт
• Мэдээлэл, харилцаа холбооны технологи
• Удирдлага, бизнес ба худалдаа
• Төрийн албаны удирдлага
• Нийгэм, соёл ба хөгжил судлал
Өргөдөл гаргагчид нь Австралийн их сургуулиудын цахим хуудас дээр байршуулсан курсуудээс хоёрыг сонгоно.
2022 онд эхлэн суралцах тэтгэлгийн өргөдөл хүлээн авах хугацаа:
Эхлэх өдөр: 2021 оны 2-р сарын 1
Дуусах өдөр: 2021 оны 4-р сарын 30
Өргөдөл хэрхэн гаргах вэ?
Цахим өргөдөл
Өргөдөл гаргагчид өргөдлийн материалыг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн системд (OASIS) доорх хаягаар ирүүлнэ үү.
Өргөдөл хаах хугацаа ойртох тусам цахим өргөдөл хүлээн авдаг системийн ачаалал огцом нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.
Шаардагдах баримт бичиг
Болзол хангахын тулд хэд хэдэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Бүх бичиг баримтыг баталгаажуулна. Бичиг баримт англи хэлээр биш бол баталгаат орчуулгаар орчуулна. Шаардагдах бичиг баримтыг доорх холбоосоор орж үзнэ үү.