Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Майкл Стэнли Клеческий болон Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Жон Драэр нар “СИТИ” Их сургуульд 2021 оны 12-р сарын 01-ний өдөр зочилж, тус сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа, дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа “АНУ-ын Элчин сайд, ноён Майкл Стэнли Клеческийг зочилон ирсэнд талархаж буйгаа хэлээд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулан, цаашид Элчин сайдын яамтай хамтран ажиллах, АНУ-ын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох талаар ярилцсан” юм.
Үүний дараа Элчин сайд, ноён Майкл Стэнли Клеческий “СИТИ” Их сургуулийн хичээлийн байр, анги танхимаар зочилж, сургалтын үйл ажиллагаатай танилцан, оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамны бодлого, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, цаг үеийн нөхцөл байдалтай уяалдуулан ажиллаж буй энэ үед АНУ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбар, хөгжлийн хөтөлбөрүүд, цаашлаад боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж буйгаа энэ үеэр дуулгаж байсан.
Оюутнуудын зүгээс “Мянганы сорилтын сангийн төсөл хөтөлбөр, хэрэгжилт үр дүн, цаашид АНУ-д Монгол Улсаас татварын хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж нөхцөл, тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон сэдвээр Элчин сайд, ноён Майкл Стэнли Клеческийтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Харин АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Жон Драэр оюутнуудад зориулан АНУ-д тэтгэлэгтэй сурах боломж, нөхцөлийн талаар танилцуулга хийлээ. Тодруулбал, Америкийн Нэгдсэн Улсад бакалаврын зэрэг эзэмших, эмэгтэй оюутнуудад зориулсан богино болон бакалаврын дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд хэрхэн хамрагдах талаар зөвлөмж өгч, сургалтын чиглэлээр мэдээлэл авах олон нийтийн сайн дурын байгууллага, мэдээллийн хэрэгсэлүүдийг талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.