“СИТИ” Их сургуулиас Германы яруу найрагч, найруулагч, театрын онолч Б.Брехтийн “Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номыг эрхлэн гаргалаа

Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драматург, театрын онолч Бертольт Брехт /1898-1956/ театр-урлагт өөрийн баримталж байсан байр сууриа онол болгон хүлээн зөвшөөрүүлж чадсан цөөн хүний нэг билээ. Дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил хэмээн нэрийддэг  Б.Брехтийн “ Театр: шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын нээлт  2021  оны 12 дугаар сарын 01-нд боллоо.

“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулиас эрхлэн гаргаж буй Б.Брехтийн номын орчуулагчаар тус сургуулийн хүндэт профессор Н.Пүрэвдагва ажиллажээ. Монгол Улсын театр урлагийн эрдэмтэн, судлаачид, шүлэг найраг, нийтлэл, театрын урлагийн нэр бүхий төлөөлөгчид Б.Брехтийн номын нээлтэд оролцсон юм.

Номын нээлтийн үеэр “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор /Ph.D/ Ц.Байгалмаа хэлэхдээ: Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Б.Брехт бол орчин үеийн тайзны урлагийг шинэчилсэн, нөлөө бүхий уран бүтээлч билээ. Монголд Б.Брехтийн жүжгийн зохиолууд орчуулагдаж, тавигдаж байсан боловч онол туурвилыг нь цогцоор танилцуулсан бүтээл  өнөөдрийг хүртэл гараагүй байсан. Манай сургуулийн хүндэт профессор Н.Пүрэвдагвын орчуулсан энэхүү бүтээлийг бид эрхлэн гаргахдаа  Урлагийн сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд төдийгүй багш, уран бүтээлчдэд мэдлэг, чадвараа ахиулах оюуны том хөрөнгө оруулалт хийж, боломж нээж өгч  байна гэж харсан. “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн оюутнууд Б.Брехтийн уран бүтээлийн мөн чанар, онол түүний  уран бүтээлийн хандлагыг судлах боломж нээгдэж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Номын орчуулагч, профессор Н.Пүрэвдагва  “Олон жилийн турш Б.Брехтийн аргачлал туршигдаж, өөрчлөгдөж, сайжирсаар ирсэн. Харин амьдарч байгааг тоглон харуулж болохгүй, эсрэгээр эвдэж, хүнийших ёстой гэсэн гол зарчим яг хэвээрээ үлдсэн байдаг. Театр үзэгсийг бодуулж, задлан эрэгцүүлж, шийдвэр гаргадаг гэж орон орны тулхтай урлаг судлаачид үнэлдэг тухай энэхүү номонд бичсэн байгаа. Шүлэг найраглал, Шекспирийн тухай, эпос театрын онол, театр дахь ажил амьдрал гэсэн үндсэн дөврөн бүлэгтэй,  бүлэг тус бүр нь нарийвчлан задарсан дэд бүлгүүдтэй шинэ ном ийнхүү мэндэллээ” хэмээн нээлтийн үеэр хэлж  байлаа.

“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулиас зохион байгуулсан өнөөдрийн номын нээлтийн үеэр Б.Брехтийн уран бүтээлийн онол, мөн чанарын талаарх эрдэм шинжилгээний хурал болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. “Театрын урлагийн шинэжлэл ба Б.Брехтийн хэл” эрдэм шинжилгээний хуралд “СИТИ” Их сургуулиас гадна МУИС, СУИС, МУБИС, УДЭТ-ийн найруулагчид гээд театр урлагийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүллээ.