Э.МӨНХТУЛГА: 2025 ОНД ИРВЭС, БАРЫН ХЭЭ, ЭРЧИЛЖ, ТУНАРСАН ЗАГВАРТАЙ ПЛАЖ ТРЕНД БОЛНО

“СИТИ’” Их сургуулийн Архитектур Дизайны сургуулийн Хувцас дизайны IV курсийн оюутан, Монгол модель агентлагийн модель Э.Мөнхтулгатай ярилцлаа.

-Таны хувьд хичээлийнхээ хажуугаар загвар өмсдөг. Завгүй өдрүүд өнгөрдөг болов уу гэж харж байна. Юуны өмнө “СИТИ” Их сургуулийг сонгох болсон шалтгаан юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Миний хувьд дизайнд сонирхолтой учраас суралцах сургуулиа нэлээд судалж сонгосон. Ингээд хувцас дизайны чиглэлээр олон жил элсэлт авч, чадварлаг багш нараар бүрдсэн “СИТИ” Их сургуулийг сонгосон. Түүнээс гадна сургуулийн сургалтын орчин надад маш их таалагдсан. Сургуулиас гадна Монголд хувцас дизайны салбарт танигдсан нэр хүндтэй брэндүүдтэй холбогдох боломж олддог нь бас нэгэн сонгох шалтгаан болсон.

-Суралцах хугацаандаа олон амжилт гаргасан байсан. Амжилтуудаасаа дурдаач?

-Би “СИТИ” Их сургуулийн Хувцас дизайны тэнхимээс зохион байгуулсан “Floraison fashion show” арга хэмжээний “Шилдэг оюутан”, “Graduation show 2022”- Тусгай байр, “Winter fashion show 2023” дэд байр, “Evening gown 2024” III байр тус тус эзэлсэн. Түүнчлэн “СИТИ” Их сургууль “Уушгийн ахуй” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Арьс шилэн эдлэл 2025” тэмцээний “Шилдэг загвар” шагналыг хүртсэн.

-Хувцас дизайнаар суралцдаг оюутнаас асуулгүй өнгөрч болохгүй нь. 2025 оны хувцас, өнгө, акксесурын чиг хандлага ямар байх вэ?

-2025 оны хувьд хувцасны чиг хандлагууд шинэлэг, өвөрмөц байх болно. Ирвэс, барын хээ бүхий хэвлэлүүд, эрчилж, тунарсан загвартай плажнууд, минималист, дэрвэгэр сул тунарсан материалтай цамцнууд, цэнхэр шулуун жийнс, арьсан банзал, сагсгар ноолууран сүлжмэлүүд болон спортын өнгө аястай цуглуулгууд тэргүүлэх тренд болж, модод орох төлөвтэй байна. Өнгөний хувьд улаан буюу черри өнгө голлох тренд болж, эрч хүчтэй, тод өнгө төрхийг илэрхийлэх нь.

-Дизайнаа гаргахад зургаа хэр удаан боддог вэ. Санаагаа хэрхэн олж авдаг юм бол?

-Ихэвчлэн толгойд орж ирсэн санаагаа  шууд эскиз маягаар буулгадаг. Үүний дараа таалагдсан деталиудыг нэмэн, хасаж, загвараа сайжруулан боловсруулдаг. Заримдаа загвараа гаргахдаа судалгаа ч хийдэг. Тухайн цаг үед тренд болж буй зүйлсээс ч санаагаа олдог. Түүнчлэн амьдралын өдөр тутмын үйл явдал, байгалийн үзэгдлүүд, урлагийн бүтээлүүдээс ч санаагаа авдаг.

-Та карьерын талаараа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Үндэсний соёл, түүх нь бидний хувцас дизайны салбарт чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж би боддог. Тиймээс өөрийн бүтээлдээ үндэсний соёл, уламжлалаа аль болох тусгахыг зорьдог л доо. Энэ үүднээс өөрийн бүтээлдээ соёл түүхээ харуулсан хэсгийг их бага хэмжээгээр шингээж таниулахыг зорьж ажиллана гэж боддог.

Ц.ЦЭРЭНБЯМБА