СИТИ их сургууль боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтэд чанартай боловсрол олгох чиглэлээр өргөн хүрээний үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд насан туршийн боловсролын бодлогыг хэрэгжүүлж, сургалт, лекц, үнэгүй боловсролын нөөцөөр дамжуулан суралцагчид болон олон нийтийн боловсролыг дэмжиж байна. Мөн мэргэжил сонголт, дээд боловсролын талаарх мэдээллийг түгээх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.
СИТИ их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны А/15 тоот тогтоолоор батлагдсан “СИТИ их сургуулийн насан туршын боловсролын хүртээмжийн бодлого”-ыг мөрдөн ажиллаж байна. Ингэснээр суралцагчид тэгш эрхтэйгээр манай боловсролын үйл ажиллагаанд оролцох боломж эрх зүйн хувьд нээгдсэн юм. Манай сургуульд сурдаггүй иргэдэд боловсролын нөөцийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгодог. Үүнд:
- Гэрчилгээ олгох сургалтууд:
- Монгол дээлний товч шилбэ хадаж сурах сургалт – 6-10 цаг
- Хумс засах технологийн анхан шатны сургалт – 6 цаг
- Ардын дууны богино хугацааны сургалт – 9 цаг
- 10 хурууны бичээчийн анги 7 хоногт 2 удаа 2 цагаар
- Ахмад настанд зориулсан шугаман бүжгийн сургалт
- Оюутны хотхоны тоног төхөөрөмжид үнэ төлбөргүй нэвтрэх:
- Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэдэд номын сангийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Мөн “СИТИ” их сургуулийн номын сангийн электрон каталог руу нэвтрэн орж цахим хэлбэрт байгаа ном хэвлэлийг унших
- Фитнесс төвөөр тодорхой цагийн хуваариар үйлчлүүлэх
- Онлайн нөхцөлд үнэ төлбөргүй нэвтрэх
- Сургуулийн кампуст WiFi сүлжээ ашиглах
Манай Хүмүүнлэгийн сургуулийн профессор Ж.Айганым /Mental health and support/ “Сэтгэлзүйн тогтвортой байдалд стрессийн хүчин зүйлд нөлөөлөх нь”, Ахисан түвшний сургуулийн захирал профессор Г.Цэнгүүн /Quality education/ “Дэлхийн шилдэг Цинхуа их сургуульд элсэх боломж” сэдвээр тус тус олон нийтэд нээлттэй лекц уншсан.
Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сурталчлах өдөрлөг”, төгсөгчдийн “Graduation show” зэрэг олон нийтийн сонирхол татсан боловсролын арга хэмжээг 3,4 сард нээлттэй зохион байгуулсан.
Олон нийт болон дунд сургууль төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулсан “Дээд боловсролын экспо 2024”-т амжилттай оролцсон. Мөн БНХАУ-ын Шанхай хот, ОХУ-ын Улаан-Үд хотноо тус тус зохион байгуулагдсан “Олон улсын дээд боловсролын үзэсгэлэн” экспод оролцож олон нийтэд Монгол улсын боловсролын хөгжлийн талаар танилцуулсан. Нийт 10 удаа олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээ, мэргэжил сонголтын өдөрлөг амжилттай зохион байгуулсан.
Манай “СИТИ” сургалтын төв нь номын санч, гоо засалч, оёдолчин, гадаад хэл, хөтөч тайлбарлагч мэргэжлээр богино хугацааны сургалт явуулж нийт 151 хүнийг чадамжийн гэрчилгээтэй төгсгөсөн. Бид оюутны хотхоноос гадуур боловсрол олгох үйл ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулж байна. Үүнд:
- Сэдэвт лекц болон сургалт явуулах (Жишээ нь: Ахисан түвшний сургуулийн захирал профессор Г.Цэнгүүн SDG 4 /Quality education/ “Дэлхийн шилдэг Цинхуа их сургуульд элсэх боломж” сэдэвт лекц)
- Оюутнуудын сайн дурын хөтөлбөрүүд (Тухайлбал: Хууль зүйн сургуулийн оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан “Үе тэнгийнхэний дээрэлхэлтийн хор уршиг” сэдэвт үзүүлэнт лекц)
- Орон нутгийн сургуулиудад дээд боловсролын үйл ажиллагааг таниулах (“Элсэлтийн ерөнхий шалгалтанд Монгол хэлний хичээлээр бэлтгэх нь” сэдэвт сургалт)