Г.МӨНХБАЯСГАЛАН: БИД ТӨГСӨӨД ЯВЧИХ БУС, СУРГУУЛИА ДЭМЖДЭГ, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАГ БАЙХ ЁСТОЙ

2017 оны Бизнесийн сургуулийн Маркетингийн төгсөгч, “ДИ ЭМ СКАЙ” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Мөнхбаясгалантай ярилцлаа.

-“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн уулзалт ямар уур амьсгалтай болж өнгөрөв?

-Бизнесийн сургуулийн төгсөгчдийн уулзалт амжилттай, урам зориг дүүрэн болж өнгөрлөө. Удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө дахин уулзаж, сургуультайгаа холбоотой дурсамжуудаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан сайхан боломж байлаа.

-Уулзалтын үеэр “Ди Эм Скай” ХХК-аас сургуульдаа 10 сая төгрөгийн эрхийн бичиг гардуулсан гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Манай компани бол боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог нийгмийн хариуцлагатай байгууллага. Миний хувьд “СИТИ” Их сургуулийг төгссөн нь миний амьдралын чухал үеийн нэг байсан. Тиймээс сургуульдаа, багш нартаа, оюутнуудад талархал илэрхийлэх, өөрийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж 10 сая төгрөгийн эрхийн бичиг гардуулсан.

-Уулзалтын үр дүнд ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?

-Мэдээж хэрэг. Бид энэ уулзалтаараа зөвхөн дурсамжаа сэргээж, уулзаад зогсохгүй, ирээдүйд хамтран хэрэгжүүлж болох шинэ санаачилгуудын талаар ярилцсан. Төгсөгчид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон бүтээлч ажлуудыг эхлүүлэх зорилгоор тогтмол холбоотой байж, дэмжин ажиллахаар санал нэгдсэн. Бид төгсөгчдийн уулзалтаа уламжлал болгон жил бүр зохион байгуулж, шинэ төгсөгчдөө татан оролцуулж, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг илүү идэвхтэй, тогтвортой болгохоор зорьж байна. Мөн сургуулийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах хандив, төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байна.

-Таны бодлоор төгсөгчид сургуультайгаа хэрхэн холбоотой байх ёстой вэ?

-Сургуулийн амжилт бол төгсөгчдийн нэр хүнд, үнэлэмжтэй шууд холбоотой. Бид зөвхөн төгсөөд явчих бус, эргэж ирдэг, дэмждэг, сургуульдаа хувь нэмрээ оруулдаг байх ёстой гэж боддог. Төгсөгчид хамтдаа зөв санаачилга өрнүүлж, дараагийн үеийнхэнд үлгэр жишээ болох нь маш чухал. Үүгээрээ бид нийгэмд эерэг нөлөө үзүүлж ч чадна шүү дээ.

-“СИТИ” Их сургуульд суралцаж байсан үеэсээ хуваалцаач?

-Анх анагаахаар сурах гэж явж байсан хүн найзыгаа дагаад мэргэжлээ өөрчилсөн л дөө. Ингээд би “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн кино драмын ангид элсэн орсон юм. Энэ ангидаа 1 жил суралцаад 2 дугаар курсээсээ Бизнеийн сургуулийн Маркетингийн ангид шилжин орж, 2017 онд сургуулиа төгссөн. Кино драмд нэг жил суралцсан маань миний хувьд маш зөв алхам байсан гэж боддог. Учир нь надад хэл яриа, ёс зүй, харилцааны олон чухал суурь гээд олон чадварыг суулгаж өгсөн. Хэрвээ шууд маркетингийн ангид орсон бол эдгээр зүйлийг алгасаад өнгөрөх байсан байна гэж боддог юм.

-Маркетингаар сурах гэж байгаа сурагчдад юу гэж хэлэх вэ?

-Намайг 2012, 2013 онд маркетингаар суралцах үед хүмүүс маркетинг гэдэг ойлголтыг төдийлөн сайн мэддэггүй байлаа л даа. Гэтэл өнөөдөр ямар ч бизнес маркетинггүйгээр амжилтад хүрэх боломжгүй. Тиймээс энэ салбарт суралцахаар сонирхож буй сурагчдад хэлэхэд зөв мэргэжлээ сонгож байна. Гэхдээ зөвхөн онол гэлтгүй, практикт суурилсан мэдлэгийг багш нараасаа аваарай гэе. Ажлын талбар дээр гараад багш нарын маань хэлж байсан үгс, зааж сургасан зүйлсийн үнэ цэнийг илүү мэдэж, ойлгодог юм билээ. Аан, үүнийг л багш маань хэлээд байж дээ гэж.

-“ДИ ЭМ СКАЙ” ХХК -ийн өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-Сургуулиа төгсөөд удалгүй ахтайгаа хамтран “Ди Эм Скай” ХХК-ийг байгуулсан. Бид Улаанбаатар хотод байрлах томоохон барилгын хана дээрх сурталчилгааны самбар, LED дэлгэцүүдийн борлуулалт, менежментийг хариуцан ажилладаг. Одоогоор 20 гаруй LED дэлгэц, 100 гаруй хулдаасан самбарыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт маркетингийн салбарын 100 хувийг хамарч, мэргэжлийн түвшинд ажилласаар 7 жил болж байна. 2024 оны байдлаар хамгийн өндөр борлуулалттай, тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсад 120 сая төгрөгийн татвар төлсөн. Энэ бол бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ковидын үеэр зар сурталчилгааны эрэлт буурсан учир “Сүн Сүн” ХХК нэртэй хүргэлтийн компаниа байгуулсан. Эхэндээ бид хоёрхон хүнтэй эхэлсэн бол өнөөдөр 50-60 ажилтантай болж, өдөрт дунджаар 400-500 хүргэлт хийж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ салбаруудад нэвтэрч, илүү олон боломжийг нээх зорилготой байна. Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагад нийцсэн, бүтээлч шийдлүүдээрээ бид ялгарч чадна гэдэгт итгэлтэй байдаг.