"СИТИ" Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Хятад хэлний орчуулагчийн III курсийн оюутан, "СИТИ Аянга" багийн тамирчин Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Оюутны лиг үргэлжилж байна. Өрсөлдөгчид ямар байна вэ?
-Оюутны лигийн тэмцээн энэ жил маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Манай багийн хувьд бэлтгэл сайн хийж, өөрсдийн бүх боломжийг дайчлан тоглож байгаа. Өрсөлдөгч багууд бүгд л өндөр ур чадвартай, бэлтгэл сайтай тоглогчдоор бүрдсэн байна. Энэ нь бидний хувьд улам их хичээх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгож байна. Одоогоор бид дээгүүр байранд явж байгаа бөгөөд энэ амжилтаа хадгалахын тулд өдөр бүр 2-3 цагийн турш тасралтгүй бэлтгэл хийж байна.
-Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би анх волейбол тоглодог байсан. Харин 2019 оноос эхлэн сагсан бөмбөгт илүү сонирхолтой болж, хичээллэж эхэлсэн. Анх зөвхөн хобби маягаар тоглодог байсан ч аажмаар илүү тууштай хичээллэх болсон. Энэ хугацаанд олон тэмцээн уралдаанд оролцож, туршлага хуримтлуулсан. Одоо "СИТИ Аянга" багийн албан ёсны тамирчнаар тоглож байгаадаа маш их баяртай байдаг. Сагсан бөмбөг зөвхөн спорт биш, багийн ажиллагаа, хариуцлага, өөрийгөө хөгжүүлэх олон боломжийг өгдөг учраас энэ спортоор хичээллэж эхэлсэндээ баяртай байдаг.
- "СИТИ" Их сургуулийг хэрхэн сонгож суралцах болсон бэ?
-Манай найз Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Ц.Болорцэцэг "СИТИ" Их сургуульд суралцахыг надад санал болгож байсан. Бид хамт 33 дугаар сургуульд суралцаж байхдаа нэг баг болж, дөрвөн удаагийн улсын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс гадна, их сургуулиа сонгохдоо хэд хэдэн чухал хүчин зүйлсийг харгалзан үзсэн. "СИТИ" Их сургууль хятад хэлний орчуулагчийн мэргэжлээр чанартай сургалт явуулдаг, туршлагатай багш, сайн хөтөлбөртэй байсан нь надад их таалагдсан. Хоёрдугаарт, тус сургууль онолын мэдлэгээс гадна практик дадлага олгодог нь миний ирээдүйд ажлын байран дээр гарахад хэрэгтэй ур чадваруудыг эзэмших боломж олгоно гэж бодсон. Сургуулийн уур амьсгал, оюутнуудад олгодог боломжууд, олон улсын харилцаа, солилцооны хөтөлбөрүүд нь миний ирээдүйд тавьсан зорилгод нийцсэн. Мөн "СИТИ" Их сургууль спорт, урлаг, соёлын олон төрлийн үйл ажиллагааг дэмждэг бөгөөд би өөрөө спортод дуртай, идэвхтэй оролцдог учраас энэ нь бас нэг давуу тал болсон. Түүнчлэн "СИТИ Аянга" багийн тоглогчдын сургалтын төлбөрийг тэтгэлгээр хөнгөлдөг нь манай багийн бүх гишүүдэд маш том боломж гэж боддог. Биднийг сургуулиас шаардлагатай бүх зүйлээр хангагддаг учраас илүү сайн тоглохын тулд бүх хүчээ дайчилж, амжилт гаргахыг хичээдэг.
-Хятад хэлийг сурахад хүнд гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Хятад хэлийг сурахдаа ямар арга барил ашиглаж байна вэ?
-Манай хэлний багш хичээлээ маш сонирхолтой заадаг учраас хятад хэлээ дурлаж сурч байгаа. Багш маань хэлийг зөвхөн дүрмийн хувьд заахаас гадна, соёл, өдөр тутмын хэрэглээ, практик яриа зэргийг давхар оруулж заадаг. Би ирээдүйд сайн орчуулагч болохын тулд зөвхөн хичээл дээрээ суухаас гадна нэмэлтээр ном унших, видео үзэх, харилцан ярианы чадвараа хөгжүүлэх гэх мэт аргуудыг ашигладаг.
-Сагсан бөмбөг бол багийн спорт шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Манай баг нийт 8 гишүүнтэй. Бид бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй, онцлогтой тоглогчид. Багийн спортын гол зүйл бол харилцаа, бие биенээ ойлгох, дэмжих гэж боддог. Бид хоорондоо маш сайн ойлголцдог учраас талбай дээр ч, гадуур ч үргэлж нэг баг шиг байдаг. Манай багийн дасгалжуулагчид маань биднийг цаг ямагт улам хөгжүүлэхийг хичээдэг.
-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу вэ?
-Одоогийн хамгийн том зорилго бол оюутны лигт амжилттай оролцож, багийнхаа хамтаар аваргын цом өргөх. Үүнээс гадна, сагсан бөмбөгийн карьераа үргэлжлүүлж, илүү том тэмцээнүүдэд өрсөлдөхийг хүсдэг.
-Сагсан бөмбөгөөр хичээллэхийг хүсэж буй хүүхдүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сагсан бөмбөгөөр хичээллэхийг хүсэж байгаа бол хамгийн чухал зүйл бол тууштай байх гэж хэлмээр байна. Өдөр бүр бага багаар бөмбөг залах, шидэлт хийх, хамгаалалт хийх гэх мэт үндсэн ур чадваруудаа тогтмол сайжруулж байх хэрэгтэй болов уу.
Ц.ЦЭРЭНБЯМБА