И.УНДРАХГЭРЭЛ: АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ, БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРӨӨР100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛНА

"СИТИ" Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал И.Ундрахгэрэлтэй ярилцлаа.

-Хүмүүнлэгийн сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн ололт амжилтаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна. 2024-2025 оны хичээлийн жилд танай сургуулийн онцлох үйл ажиллагаа, шинэчлэлүүд юу байв?

-Манай Хүмүүнлэгийн сургууль Сэтгүүл зүй, Гадаад хэл, Боловсрол судлалын тэнхимд бакалаврын 6 магистрын 2 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш, гадаад хэлний боловсрол, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, бага боловсрол, Сэтгэл судлал, Сэтгүүл зүй, Орчуулагч, гадаад хэлний боловсрол хөтөлбөрөөр  бакалавр, сэтгүүл зүй, боловсрол судлалын магистрын хөтөлбөрүүдтэй.  Манай сургуулийн багш нарын  42 хувь нь доктор, профессорууд байна. 2024-2025 оны хичээлийн жилд бид хэд хэдэн томоохон зорилго тавьж ажилласнаас Англи хэлний багш, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөтөлбөрөө БМИҮЗ-өөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж оюутнууд маань Төрийн сангийн буцалтгүй тусламжаар 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна.

-Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хамрах хүрээ, шалгуур зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Оюутан энэ тэтгэмжийг авахийн тулд голч нь 2.8 ба түүнээс дээш байх шаардлагатай.

-“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд суралцсанаар оюутнууд олон улсын хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах боломжтой вэ. Гадаадын ямар их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг вэ?

-“СИТИ” Их сургууль 40-өөд орны их дээд сургуультай хамтран ажилладаг. Тэдгээрээс өөрийн хөтөлбөрүүдийн хүрээнд оюутан, багш солилцоо, дадлагажигч оюутан хөтөлбөр, урт болон богино хугацааны сургалт хөтбөрүүдэд хамруулж байна. Үүнд, Япон хэлний орчуулагчийн ангийн оюутнууд Япон улсад дадлагжигч хөтөлбөрөөр, Хятад хэлний оюутнууд маань БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Кунзын олон улсын Хятад хэлний багшийн тэтгэлэг, өвөл зуны  богино хугацааны сургалтаар БНХАУ-ын их сургуульд суралцаж байна. Хамгийн сүүлд бид БНСУ-ын Сөүл хотын их сургуульд Солонгос хэлний орчуулагчийн I,II курсийн оюутнуудаа танилцах дадлага хийлгээд ирлээ. Мөн бид оюутнууддаа гадаадын их сургуульд ахисан түвшиний хөтөлбөрөөр шатлан суралцах нөхцөл болоцоог бий болгож,  төгсөгчид маань амжилттай суралцаж байна.

-Оюутнуудад судалгаа, шинжилгээ хийх, бүтээл туурвих орчин хангалттай бий юу?

Тэгэлгүй яахав, “СИТИ” Их сургууль эрдэм шинжилгээ судалгааны албатай. Манай Хүмүүнлэгийн сургуулийн багш оюутууд өөрийн болон бусад их сургуулиас зохион байгуулагдаж буй ЭШХ-д тогтмол оролцохоос гадна зохион байгуулагчаар ажилладаг. 2025 оны 5 сарын 2-нд “Ази судлал-XI” Олон улсын эрдэм шиншилгээний хуралд (ICAS 2025) зохион байгуулагчаар оролцож байна.

Л.ХИШИГСАЙХАН