Соёл судлаач Ж.Долгорсүрэн: Хуримын соёлын цогцолбор шинж алдагдаагүй, харин органик шинж нь бүдгэрэх аястай

Хурим найрын улирал эхэллээ. Монголчуудын гэр бүл болж хуримлах зан үйл соёл жилээс жилд илүү өргөн дэлгэр зохион байгуулалттай болж буй.

Зөвхөн хуримлагчид төдийгүй хуримын зочид ч өмсөж зүүхээс эхлээд ач холбогдол өгдөг үйл явдал болжээ. Бид энэ удаад соёл судлаач, доктор, профессор Ж.Долгорсүрэнтэй хуримлах ёсны уламжлал, зан үйлийн шинэчлэл, агуулгын талаар ярилцлаа.

-Бидний өвөг дээдэс ураглах ёсыг “төрт ёс” буюу “төр хурим” хэмээн ихэд хүндэтгэж-

-Соёл судлаачийн хүний хувьд хурим найр гэх ёслолын талаарх тодорхойлох мэдээлэл өгөөч?

-Хурим найр гэдэг их өргөн хүрээтэй ойлголт. Аливаа хүмүүн ажил, амьдралын тодорхой зорилгод хүрсэн амжилтыг аав, ээж, ахан дүүс, ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцахын тулд баяр, бахдал болгон тэмдэглэж буй ёс, ёслол юм. Жишээ нь, эрдэмтэн, багш, судлаачид олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнг хүндэтгэж номын хурим, хайр сэтгэлтэй залуу хосууд амьдралын гал голомтоо бадрааж ураглах хурим найр хийдэг.  Энэ мэтээр хурим найр нь өргөн хүрээтэй тодорхой зорилгын үүднээс үүсдэг хүмүүсийн харилцааны онцгой хүрээ буюу уламжлалт соёлын өв гэж ойлгож болно.

-Гэр бүл болж байгаа хурим найр ямар агуулгыг өөртөө шингээсэн байдаг вэ?

-Эртний монголчуудын уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хүн насанд хүрснээр заавал гэр бүл болж ураглах ёстой. Үүнийг Монголын нууц товчоонд “Нуга хөвүүд маань нутаг харъюу. Охин хөвүүн маань өнгө үзэгдью” гэх буюу “Охин хүмүүний заяан төрсөн үүдэнд өтлөхүгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний өвөг дээдэс ураглах ёсыг “төрт ёс” буюу “төр хурим” хэмээн ихэд хүндэтгэж ирсэн нь одоо ч утгаа алдаагүй байна. Ураглах ёсны хамгийн гол агуулга нь ургийн хэлхээ холбооны эв эеийг засаж, эвдрэл хямралыг сэрэмжлэн цус ойртон удам угсаа сүйрэхээс болгоомжлох, угсаа гарал, удам судрыг нь гэр бүл болж буй залууст таниулахад оршино.

”Гэр бүл бол нийгмийн анхдагч эд эс. Аливаа нийгэм тогтвортой байхын үндсийн үндэс нь гэр бүл бат бэх байх явдал юм. Гэр бүлийн хурим найр бол хайртай хосууд биенийгээ насан туршдаа хайрлаж явах сэтгэлээ илэрхийлсэн ЗА андгайгааг баталгаажуулж буй төр ёсны үйл бөгөөд үүнийг гэр бүлийн хурим найрын ёсон гэдэг. Өөрөөр хэлбэл монголчууд “За гэвэл ёогүй” байх за андгайтай ард түмэн шүү дээ. Аливаад үнэн байх, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай байхад ЗА андгай гэдэг зүйл маш чухал. Хайр сэтгэлтэй хосууд үнэнч байх, амьдралаа бат бэх байлгаж үр удмаа үлдээх ураг төрлийн ёсыг ариун дагшин авч явах үүрэгтэй гэдэгийг хуримлаж буй хосуудын аав, ээж, ахан дүүс нь хамтаар хүлээн зөвшөөрч баталгаажуулж буй хэрэг. Үндэстэн, угсаатны бүлэг болгонд хурим найрын ёсон өөр өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай байдаг.

-Өнөөгийн бидний мэдэх хуримын ёслолоос өөр өргөн дэлгэр утга агуулгатай соёлын өв юм байна. Хамгийн түрүүн мэдвэл зохистой заншил, үйлийн талаар та ярьж өгөөч?

-Хурим найр нь хуримын угтал хэсэг, хуримлах ёсон, хуримын дараах зан үйл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Хуримын угтал хэсэгт хүүгийн тал эхлээд бэр гуйна. Хэрэв бэр гүйхад охины тал зөвшөөрвөл сүй тавьдаг. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрч өгөх ёс заншил эртнээс уламжил ирсэн. Хэзээ хурим найраа хийх бэлэг дэмбэрэлтэй сайн өдрөө сонгоод үндсэн хуримын ёслол хийдэг ёс нилээн түгээмэл мөрдөгдөж ирсэн нь анзаарагддаг. Ингээд хуримын дараа гүйцэтгэх ёслолууд хийнэ.

Хүн өөрөө байгалийн амьтан. Ямар байгаль газар зүйн орчинд амьдарч буйгаас хамаараад тухайн үндэстэн байгаль ертөнцтэй харилцдаг янз бүрийн ёсыг буй болгосон. Ураглаж буй хосуудын нас, жилийг харгалзан од гараг эрхэсийн хөдөлгөөнийг шинжиж тэдэнд ээлтэй билэг дэмбэрэлтэй сайн өдрийг сонгодог уламжлал ч тогтвортой хадгалагдаж ирсэн. Намрын дунд сарын шинийн 17 бол хурим найрын хамгийн үнэ цэнэтэй өдөр гэж бид бүгдээрээ бэлэгшээдэг. Яагаад бид гэр бүлийн хурим найрын ёслолыг өдрийн сайныг сонгож товлодог вэ гэхээр ураглаж буй хосуудын гал голомт үеийн үед энх явж, мөнх жаргахыг бэлгэдэж хүн, байгаль хоорондын зохиронгуй байх ёсны илрэл юм.

Монголчуудын өдрийн сайн цаг бол морин цаг. Хүн хүний төрсөн жил сараас хамаараад ээлтэй өдөр цаг нь өөр байдаг ч морин цагийг голдуу дээдэлдэг нь бас сонин. Учир нь хүн төрөлхтний соёл иргэшлийн түүхэнд морь гэдэг амьтан онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тийм учраас адуу малаа дээдэлдэг малч удмын монгол уламжлал хадгалагдсан байх нь.

Монгол соёлд цагийн бэлгэдэл, тооны бэлгэдэл, өнгөний бэлгэдэл, зүг чигийн бэлгэдэл, зүүд нойрны бэлгэдэл гээд маш олон бэлгэдэлт сэтгэлгээ уламжилж ирсэн байдаг. Монгол хурим найрын ёсыг тэр чигээрээ бэлгэдлийн цогцолбор, чуулбар гэж үзэж болохоор байдаг. Хуримлах өдөр судраа сонгохоос эхлээд өмсөх хувцас, гоёлын өнгө, хэлбэр хийцийг сонгохоос эхлээд бүгд л сайн сайхныг бэлгэдсэн аливаа бүхэн сайн сайхан, хүн зон нь эрүүл энх аж төрөхийг бэлгэдэж хурим найрт ирсэн зочин гийчид үг, хэл, үйлдэлээ хянаж эмх цэгцтэй байхыг хичээдэг.

Хүний амьдралд утгагүй юм гэж нэгээхэн ч үгүй. Амьдралыг утга төгөлдөр байлгах зорилгоор сахиж буй хэв ёсыг үндэсний соёлын өв, үнэт зүйл гэж үздэг. Хурим найрын ёсонд үндэсний бэлгэдэлт сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. 1994 онд би Ховд аймгийн Үенч суманд судалгаагаар явж байхдаа нутгийн өвгөний ярианаас дараах сонирхолтой зүйлийг сонссон. Настай эрэгтэй "Тэднийх манайд хөөрөг өгөөгүй" гэж ярьж суусан. Үүнийг Улаанбаатар зэрэг өөр аймаг, хотод төрж өссөн хүн ойлгохгүй. Би тэр нутагт төрсөн ч гэсэн уг ярианы гүн утгыг сонсоод шууд ойлгоогүй. Гэтэл хөөрөг өгөөгүй гэдэг нь хүүхдийнхээ хуримд уриагүй гэсэн утга байсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр монголчуудын хөөрөглөх ёсон гэх мэндлэх хүндлэх ёсны соёл нь малчины хурим найрын ахуйд урилгын мэдээ занги дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа нь ажигладсан. Хөөрөг өгөөгүй бол хуримд уриагүй гэсэн үг. Нүүдэлчин соёлд хурим найрын талаарх мэдлэг, ёс, дэг жаяг, урилга амнаас ам дамжиж цээжнээс цээжинд хавтаслагдаж оршдог онцлогтой болохыг эндээс харж болно.

Хурим болохын өмнөх өдөр угтал ёслолд нэгэн сонирхолтой зан үйл бий. Баруун монголчууд тухайлбал баядууд “Сэвгэрмүүдийн найр”, буриадад “Басган заах найр” гэж бий. Яадаг вэ гэхээр хурим найраа хийх гэж байгаа бүсгүй найз нөхөдтэйгөө нийлж мордоод нутгийнхаа нэг голын айл өрх, ахан дүүсээрээ бууж мордож дуулж цэнгээд хуримын угтал ёслол хийдэг. Энэ бас их гоё соёл. Маргааш айлын хүн болох гэж байгаа учраас түүнээс өмнө найзуудтайгаа нутгийн ах дүүстэйгээ баяр цэнгэл, аз жаргалаа хуваалцаж, ахмадуудын билэг сургаалийг нь сонсож яваа хэрэг.

Энэ бүхнээс үзэхэд хурим найр гэдэг бол гэр бүл, төрт ёс, нийгмийг тогтвортой байлгахын төлөө хийж байгаа утга төгөлдөр, цогцолбор шинжтэй биет болон биет бус соёлын өв юм.

-Өнөө цагт хурим соёлын цогцолбор шинжээ алдаагүй, харин органик шинж нь бүдгэрэх аяс ажиглагдаж байна-

-Одоо цагт энэ бүхэн цогцолбор агуулгаараа үйлдэгдэж байна уу. Та энэ талаас нь хэрхэн харж байна вэ?

-Соёлын цогцолбор шинж алдагдаагүй. Харин органик шинж бүдгэрэх аяс ажиглагдаж байна. Соёл бол органик шинжтэй амьд организм гэж Освальд Шпенглер хэлсэн. Учир нь соёл бол хүний амьд чадварт оршдог. Өөрөөр хэлбэл хэн ямар соёлыг бүтээн тээж яваа нь тэр хүний амьд ахуйд өөрийнх нь бие, сэтгэлээр, мэдлэг чадвараар нь дамжаад өөр хүний оюун санаанд шингэж түгэн дэлгэрч оршдог бөгөөд тэр хүний ген, амьдралын туршлагаар дамжаад дараагийн үр удамд уламжлагдаад явдаг. Магадгүй ямар нэгэн өвөрмөц соёлын зан үйл ардын мэдлэг ухаан дараагийн залуу үед дамжихгүй өвлөн уламжлагч эзэнтэйгээ цуг тэнгэрийн оронд явчих магадлал ч бас өндөр байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр соёл гэдэг хүмүүнээр бүтээгдэж хүнээс хүнд дамжиж хүнийг оюун санааны хувьд дахин бүтээдэг үнэт зүйл болохыг харуулж байна. Хурим найрын ёсон бол яг энэ үүргийг биелүүлдэг соёлын хүрээ юм. Өөрөөр хэлбэл хурим найрын хүрээнд сахидаг ёс ёслол, дэг жаягийн зэрэгцээ, дуу хуур, тоглоом наадам гээд олон зүйлийн үнэт зүйлийг гүйцэтгэдэг нь эдгээр үнэт зүйлийг хүүхэд залуучуудад өвлүүлэн уламжлуулах сайхан орчин бүрддэг учир хурим найр үнэ цэнтэй юм.

Хүний авьяас, мэдлэг, ур чадвараар бүтээгдсэн соёлын үнэт зүйл өөр хэн нэгэнд дамжиж уламжлалт мэдлэг, туршлага, ёс дэг жаяг болж өвлөгддөг. Гэхдээ шинэ үеийн хүмүүс өмнөх үеийн уламжлалыг өөрийн шинэ мэдлэг, чадвар, хүсэл таашаал буюу шинэ үнэлэмжээр хүлээж авдаг учир уламжлалын үнэ цэн буурах аястай. Энэ нь соёлын органик буюу амьдлаг чанар алдагдаж буйг илтгэнэ. Гэвч аливаа соёлын зүйл уламжлагдах хэрнээ бас шинэчлэгдэн өөрчлөгдөж хувьсаж дамждаг зүй тогтолтой байх нь. Хурим найрын ёс ч соёлын өвөрмөц үзэгдэл болохын хувьд огт өөрчлөгддөггүй тогтсон хатуу царцанги зүйл бол биш. Жишээ нь, социализмын үе түүнээс өмнөх үеийн хурим найрын ёсон өнөөдрийн хурим найрын ёсны хоорондын зөрөө ялгаа бол их бий. Тэр нь нэг талаасаа тодорхой хэмжээнд хатуу дамжих ёстой дэг жаяг хэм хэмжээ гэж байна. Үнэ цэнэтэй болгон нь түүхэн цаг хугацааны эрхээр улирч баларч хаягдаж гээгдэхгүй харин ч баттай хадгалагдаад явдаг уламжлалтын тогтвортой шинж чанартай. Энэ бол монгол хурим найрын ёсонд байгаа.

Жишээ нь, эхлээд бэрээ гуйж хадаг тавих тэгээд ураг төрлөө барилдаж хүмүүс хоорондоо танилцах үр хүүхдийнхээ өөр хоорондын хэлцлийг хийж нас жил нь нийцэж байна уу гэдгийг шинждэг ингээд ам хадгаа авдаг уламжлал тогтвортой явж ирлээ. Харин нөгөө талд нь хурим найрыг зохион байгуулах янз бүрийн арга хэлбэрүүд бол өөрчлөгдөж байна. Мөн өмсдөг хувцас, орд өргөө нь нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжсэнтэй холбоотойгоор өөрчлөгдөж байна. Энэ бол зүй ёсны үзэгдэл. Уламжлалт хэм хэмжээ хатуу дэг жаягаараа уламжлагдсангүй гэж гомдоллох эрх бидэнд байхгүй. Ураглах ёсон ямар нэгэн хэмжээгээр шинэчлэгдэх хэрнээ хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ залуучуудад өвлүүлж чадаж байвал энэ нь нийгэмд ихээхэн ач холбогдолтой юм. Хуримлаж буй хосууд амласан андгай тангарагтаа үнэнч байх нь хүн ёсны зүйл. Энэ нь монгол үндэстэн монголын нийгэм тогтвортой хөгжихөд маш чухал.

Орчин үеийн соёл иргэншил дэх соёлын даяарших үйл явц, зах зээлийн нийгэм, нээлттэй сэтгэлгээ мөн гадны соёлын хүчтэй түрэлт бидний, ялангуяа хүүхэд залуучуудын үнэлэмж хурдтай өөрчлөгдөхөд нөлөөлж байна. Бидний үед үнэ цэнэтэй байсан бидэнд сайхан гэж сонгогддог байсан тэр үнэ цэнэтэй зүйлс орчин үеийн залуучуудад төдийлөн сонин сонирхолтой биш болсон. Энэ бас л зүй ёсны асуудал. Бидний хүүхдүүд дэлхийд нээлттэй, олон улсын соёл иргэншлийн хөгжлийг таньсан, дэлхийн монгол хүн байхад нь хэрэгтэй үнэт зүйлд сургаад хөгжүүлээд явах нь буруу биш. Соёл нь уламжлагдах хэрнээ шинэчлэгдэн хөгждөг түгээмэл зүй тогтолтой үзэгдэл юм бол хурим найрын ёсон тэр л зүй тогтлоор хөгжих жамтай гэж бид ойлгох ёстой болно.

-Олон төрлийн бэлгэдлээс бий болдог гэлээ. Хувцасны өнгө бэлэгний бэлгэдэл гэх мэтээр зөрчилдөх нь олонтаа. Үүн дээр ямар мэдээлэлтэй байх ёстой юм бол?

-Монголчуудын өнгөний бэлгэдэл их гайхалтай. Цагаан гэхээр л эхийн цагаан сүү адил ариун дагшин байхын бэлгэдэл. Хүүхдүүдийн ирээдүйн амьдрал гэрэл гэгээтэй, амьдралынх нь зам дардан байхыг бэлгэддэг утгаараа монголчуудын хамгийн эрхэм өнгө нь цагаан. Цагааны эсрэг өнгө нь хар. Хар өнгө гэдэг чинь өөрөө хүчний, ялж төгсөхийн бэлгэдэл учраас муу, муухай өнгө гэж үзэх боломжгүй. Ялангуяа төрийн ёслолд хар сүлдийг цэнгүүлж, тахиж хүндэтгэж явдаг нь төр хүчтэй байхыг бэлгэддэг. Улаан хар хоёрыг оршуулгын зан үйлд хэрэглэдэг учраас гэр бүлийн хурим найрт энэ хоёр өнгийг хослуулах нь тийм ч зохимжтой биш байхыг үгүйсгэхгүй. Мөн байж болохгүй гэж хатуу хориглох нь бас зохисгүй болов уу.

Хөх өнгө бол Мөнх тэнгэр, энх тайваны, эв зохиронгуйн бэлгэдэл. Харин шар өнгө номын бэлгэдэл учраас номын багшдаа шар хадаг барьдаг. Ногоон өнгө бол ургаж төлжих, цэцэглэн дэлгэрэхийн бэлгэдэл гэх мэтээр өнгө болгон өөр өөрийн бэлгэдэл утгатай юм. Уламжлалт хурим найрын ёслолд монгол дээлээ угсаатны бүлэг болгон өөр өөрийн онцлогоор урлаж өмсөнө. Харин костюм, даашинз өмсдөг шинэ соёл манайд хожуу орж ирсэн. Тэгсэн ч гэсэн хурим найрын утга агуулгад өөрчлөлт ороогүй. Өнөөдөр хурим найраа хийж байгаа залуус эхлээд галаа бадраахдаа монгол ёсоо хүндэтгэж монгол дээлээ өмсөөд дараа нь ресторанд орж цайллага ёслолоо хийхдээ орчин үеийн хувцсаа өмсдөг. Өргөн боломж сонголт байгаа учраас бид залуусынхаа сонголтыг хүндэтгээд явах ёстой байх.

-Нэлээд хэдэн жилийн дараа хуримаа хийх нь нийтлэг болсон. Үүнийг зарим хүмүүс буруутгаж байдаг. Энэ талаар бид ямар ойлголттой байх нь зохистой вэ?

-Хурим найрын гол агуулга нь ураг барилдах ёсыг гүйцэтгэх ялдамд сайн сайхныг урин залж, муу муухайг хөөн зайлуулж, гэр орон, сэтгэл санаагаа ариусгах, үндэсний ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, хэв ёс, дэг журмыг чандлан сахихыг залуу үед үлгэрлэн уламжлуулдаг эрхэм зүйл. Иймд хуримыг боломжтой үедээ хийх нь гэрлэгсдийн л сонголт юм даа. Бэр гуйх, хуримлах нь хүн хүндээ хүндэтгэл үзүүлж, итгэл өгч байгаагийн гэрч юм. Өнөөдөр залуучууд гадаад дотоодод суралцах, ажиллаж амьдрах үедээ танилцаж үерхэж яваад нэг хоёр хүүхэд гаргаад хэдэн жил хамт амьдарчхаад хуримаа хийж байгааг буруутгадаггүй. Яагаад гэхээр амьдралын эрхээр ямар нэгэн шалтгааны улмаас хурим найраа хийж амжаагүй боловч хэдэн жил амьдраад үр хүүхдээ төрүүлчихсэн. Бие биенээ сайн мэдэж таньчихсан хосууд амьдралынхаа утга учиртай ёслолыг хожуу ч гэсэн хийж байгаа нь гүн хүндэтгэл, төрт ёсны зан үйл гэж ойлгодог. Хуримлагсад бие биенээ үнэтэй хүндтэй гэж хүлээн зөвшөөрөлцөж байгаагийн сайхан илрэл гэж ойлгодог. Айл гэрийн амьдрал хуримаар эхэлдэг гэсэн уламжлалт ёсны хүрээнд гарч буй өөрчлөлт юм даа.

-Мартагдаж бүдгэрч байгаа зан үйл өнөөд бий болов уу?

-Нийтлэг харагдаж байгаа нэг зүйл бол манайх ямар ёс мэдэх биш дээ, яадаг юм бол доо, баруун монголчууд л их ёсорхох юм гэх мэт ярианууд бий. Өөрийн мэдэхгүйг нилээн зөвтгөх аястай энэ үгс тааламжтай сонсогддоггүй. Яагаад гэхээр нэгэнт л хүн болсон бол, тэгээд ч болоогүй хүний үнэ цэнтэй үр хүүхдийг хань ижлээ болгож  амьдрал эхэлсэн бол хүн хүнээ хүндэлдэг уламжлалт мэдлэг ухаан, ёс журмыг дагах л ёстой. Өөрийн үндэсний болоод өрөөл бусад үндэстэн, угсаатны уламжлалт ёс, хэм хэмжээ, дэг жаягийг мэддэг хүндэлдэг байх ёстой. Тэгж гэмээнэ бие биенээ ойлгож хосууд болон тэдний аав ээж, ахан дүүс хэн хэндээ үнэ цэнэтэй байж амьдрал тогтвортой бат бэх байх үндэс бүрдэнэ. Энэ утгаараа ёс мэддэггүй, түүнийг хүндэлдэггүй хүмүүс ураглаж буй нөгөө талын баримталдаг уламжлалт дэг ёстой айлын хүүхэдтэй үр хүүхдээ гэрлүүлэх гэж байгаа бол тэр талын ёсыг урьдчлаад судалж ойлгох хэрэгтэй л дээ. Тэр угсаатан үндэстний соёлыг судлаад тэдэнд зохицсон хандлагаар ёс жаягийг гүйцэтгэх нь хүүхдүүдийн амьдралыг тогтвортой байхад их түшиг болно.

-Хүүхдүүдийнхээ хуримд ёс мэдэхгүй хүнд ёр халдах биш гэж хариуцлагагүй хандаж болохгүй-

Манайхны ярьдаг ёс мэдэхгүй хүнд ёр халдах биш дээ гэсэн хандлага үнэхээр хариуцлагагүй сайн биш зүйл. Хурим найр гэдэг дэг жаяг, ёс ёслол дээр тогтдог. Гэр бүл бол хатуу тогтсон хэм хэмжээ ёсон гэдэг зүйл дээр тогтоно. Тийм учраас аливаа хувь хүмүүсийн харилцаа ч тэр албан байгууллага ажил албаны харилцаа ч тэр заавал мөрдөх ёстой бичигдсэн хийгээд бичигдээгүй хуулийн хүрээнд тогтдог. Тийм учраас ёсыг мэдэх сахих хүндэтгэх гэдэг бол хамгийн чухал зүйл. Хурим найрын ёсон тэр тусмаа залуу үеийнхний амьдралд бүр чухал. Тиймээс хурим найрыг хийж байгаа хүмүүс өөрсдөө түүнийг мэдэх судлах хүндэтгэлтэй хандах нь  чухал. Үр хүүхдээ сургах хэрэгтэй. Үүний тулд судлах хэрэгтэй. Ардын мэдлэг ухаан маш амархан энгийнээр дамжиж хүмүүст хүрдэг болчихсон. Интернэтэд ганц түлхүүр үгээр хайхад л наад захын зан үйлийн дэг жаягийг бичээд оруулчихсан байгаа.

Ээж аав өөрсдөө дэг жаягтай ёс горимыг мэддэг хүндэлдэг байж үр хүүхэд уламжлалаа хүндэтгэнэ. Тийм учраас хөгшин залуугүй ёс журмыг мэдэж таньж түүнд хүндэтгэлтэй хандах ёстой. Хурим найрын урилга авсан бол бэлэг бэлдэхээс эхлээд ямар хувцас өмсөж очихоос авахуулаад ороод ямар үг, ямар ерөөл хэлэхээс эхлээд өөрийгөө бэлдэж очдог байх ёстой. Маш үнэ цэнэтэй төр ёсны найранд очиж байгааг хүн бүр ухамсарлаж байвал хурим найр эмх цэгцтэй, үр өгөөжтэй, утга төгөлдөр болж хүүхэд залуучуудад мэдлэг, туршлагаа өвлүүлэх сайхан орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм

-Төвөгшөөх байдал ажиглагддаг. Энэ нь бэлгэдэл утга учрынхаа хувьд хувь хүмүүс хичээж хандмаар санагддаг?

-Нэг талаас судлаач хүнийхээ тухайд нөгөө талаас хувь хүнийхээ хувиар ч гэсэн би тийм хандлагатай хүмүүсийг таашаадаггүй. Жишээ нь, таны охин үрийг хүндэтгэлтэй бэр гуйж аваад сайхан бат бэх амьдралтай айл болгоод аваад явахад танай худ ураг барилдсан хүмүүс тэр ёс ёслолд хүндэтгэлтэй хандахгүй бол танд хэр тааламжтай байх бол? Мэдээж тааламжгүй байгаад зогсохгүй тэр хандлага нь хуримлаж буй хүүхдүүдийн амьдралд аливаад хайнга хандах, хэн нэгэнд хайнга хандах, ёс журамыг төвөгшөөх тохиолдол гарна. Энэ байдал чинь өөрөө хүн хүндээ үнэ цэнэтэй хариуцлагатай байх нөгөө За андгайдаа үнэнч байхад сөргөөр нөлөөлж байгаа хэрэг. Ер нь ёс заншлыг хэтэрхий төвөгтэй байдлаар хүлээж авахгүй байх нь чухал. Нөгөө талд бас хэт их туйлширдаг тал бий. Бид хэтэрхий ёс мэддэг яг л ингэхгүй бол болохгүй гэж их хатуу шахах нь нөгөө ёс мэдэхгүй ёсыг төвөгшөөдөг хүмүүст хүндрэл учруулдаг. Үүнийг талууд хоорондоо маш сайн ярилцаж бие биедээ хүндэтгэлтэй хандаж байж ойлголцно.

Хамгийн гол нь аав, ээж, эмээ өвөө нь төрт ёсныхоо үйлд ямар хандлагатай байна нөгөө залуу гэр бүл үүнийг дагаад тийм үнэлэмжээр амьдралд хандана. Амьдралд ойлголцох, үл ойлголцох асуудал тэндээс л гарч ирнэ. Тийм учраас бие биенийхээ дадсан амьдралын хэм хэмжээ үнэлэмжийг хүндэтгэх нь чухал. Гэхдээ хоёр талын туйлшрал руу яваад байж болохгүй. Нэг бол ёсгүй байх гээд ямар ч үнэ цэнэгүй болгож болохгүй. Нөгөө талдаа хэтэрхий үнэ цэнэтэй байна гэж ихэрхээд хэтэрхий хатуу болох болохгүй, сахих сахихгүй, бүр уламжлалд ч байгаагүй зөвхөн өөрсдийнх нь хувийн үзэл, ихэмсэг хэм хэмжээнд нийцүүлэх гээд нөгөө талаа эвгүй байдалд оруулаад байх нь ч мөн ухаалаг хандлага биш. Тэгэхээр харилцан бие биеэ хүндэтгэж, ойлголцож төрт ёсны үйлийг хийх шаардлагатай болно. Сүүлийн үеийн хурим найрт бас гайхуулгын шинж үзэгдэх болсон. Хэт өнгө, мөнгөнд шүтэж туйлширдаг.

Тухайлбал, хуримын бэлэг бие биедээ хүндэтгэл үзүүлж байгаа утга төгөлдөр зүйл. Бэлгийн утга агуулгад бус хэдэн төгрөгөөр авсанд илүү анхаарч хандах нь ёс суртахууны уналт мөн. Зарим хурим дээр нэг тал нь азарга адуу өгөхөд нөгөө тал нь давуулаад хоёр азарга адуу амлаж байх жишээтэй байсныг хараад хүмүүс хоорондоо жиг жуг хийж л байсан даа. Энэ бол монгол хүний ёс суртахууны хэм хэмжээнд яагаад ч нийцэхгүй зүйл. Утга агуулга нь байхгүй, хэлбэр хөөцөлдөөд байгаа нь уг хурим найрын үнэ цэнийг унагаад зогсохгүй, ардаа хортой үр дагавартай юм. Дэлхий нийтээр хүний мөс чанар өөрчлөгдөж биенийхээ “хүн” гэдэг эрхэм үнэт зүйлийг хүндлэхээс илүүтэй юмсын илрэх хэлбэрт хандаж өнгө, мөнгөний үүднээс үнэлэх болсон ёс суртахууны гажуудал ингэж тод илэрч байна.

-Эцэст нь та хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?

-Судлаач хүний хувиар хэлэхэд “монгол соёл бол монголын баялаг” гэдгийг хүн болгон ухаараасай. Хурим найрын ёсон бол монгол соёлын хамгийн үнэ цэнтэй хэсэг. Хурим найрын ёсон, дэг жаягийн үнэ цэнэтэй болгон нь та бидний баялаг юм шүү. Тэгэхээр үнэ цэнэтэй гэж сахидаг эрхэм ёсоо алдахгүй байх нь хамгийн чухал. Түүнээс биш алт мөнгөнд, эд хөрөнгөд шунасан туйлшрал үнэлэмж бол монголчууд бидний гэр бүлийн тогтвортой хөгжилд нийгмийн болон үндэстэн тогтовортой байхад сөрөг нөлөөтэй. Өнөөдөр хүмүүсийн үнэлэмж үнэт зүйл хурдтай өөрчлөгдөж байгаа нь жам ёсных болов ч, та бидний тогтвортой сахиж байх зүйл бол ерөөсөө хүний мөс чанар, ёс суртахууны үнэт зүйл юм. Хүн болгон ёсыг сахидаг, ёс суртахуунтай байдаг буюу хүнийг хүндлэх хайрлах байгалийн үзэгдэл юмсыг хайрлах, байгальд эервүү хандах явдал юу юунаас ч илүү чухал. Тийм учраас байгалийг, хүн хүнээ хүндлэх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Хүн-байгалийн хүйн холбоон дээр бидний амьдрал, монголын нийгэм, монгол үндэстний онцлог оршино. Хурим найрын сар эхэллээ гэж байна. Энэ сайхан ёс заншлаа хадгалж хамгаалж хамгийн гол нь байгальд эервүү, хүн хүндээ эервүү сайхан сэтгэлээр хандах юм бол санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Аливаа бүхний жам ёсыг хүндэтгэн сахихад хүн байхын утга учир оршино.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн