“СИТИ” Их сургуулийн 2023 оны төгсөгч М.Маржантай ярилцлаа.
-“СИТИ” Их сургуулийг хэдэн онд төгссөн бэ. “СИТИ” Их сургуулийг яагаад сонгох болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Би “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Хятад хэлний орчуулагчийн ангийг 2023 онд төгссөн. “СИТИ” Их сургуулийг сонгосон хэд хэд шалтгаан бий л дээ. Нэн тэргүүнд хятад хэлний багш Ш.Мөнхцэцэг болон энэ сургуульд суралцаж байсан найзуудаасаа мэдээлэл авах зэргээр сургуулиа сонгосон. -Одоо БНХАУ-д суралцаж байгаа гэсэн. Ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
-Би одоогоор БНХАУ-ын Шанхай хотын EAST CHINA NORMAL UNIVERSITY-д Art design чиглэлээр магистр хамгаалахаар суралцаж байна.
-Оюутан байх хугацаандаа гаргасан амжилтуудаа дурдаач? -Би хичээлээс гадуурх урлаг соёлын тэмцээнүүдэд их оролцдог байлаа. 2022 онд оюутан байхдаа “汉语桥” олон улсын хятад хэлний тэмцээний “Улсын аварга” болон “Шилдэг үзүүлбэртэй” оролцогчоор шалгарч байсан. Мөн үргэлжлүүлээд финал шатандаа “Азийн шилдэг 8”-д шалгарч байсан зэрэг маш олон шагналыг оюутан байх хугацаандаа ч тэр одоо ч тэр хүртэж явна.
-Хятад хэлний орчуулга хийхэд хамгийн чухал чадварууд юу вэ?
-Хятад хэлний орчуулга хийхэд хэлээ сайн эзэмшсэн байхаас гадна зөв дуудлага маш чухал юм. Хэлээ хэчнээн сайн мэддэг байлаа ч буруу дуудлага, аялгаар яривал бусдад буруу ойлгогдох магадлалтай байдаг. Тэр тусмаа хятад хэл өөрөө зөв дуудлага шаарддаг хэл.
-Хятад хэлний орчуулагчийн хувьд хамгийн чухал судалгаа, ном эсвэл эх сурвалж юу байсан бэ?
-Хятад хэлний орчуулагчийн хувьд мэргэжлийн хэллэгийн толь бичиг, хэлц үгний толь бичиг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг. Хятад хүмүүс хэлц үг ашиглаж ярих их дуртай байдаг.
-Та орчуулгын ур чадваруудаа хөгжүүлэхийн тулд ямар арга барил, дадал зуршлыг хэвшүүлсэн бэ?
-Би анх хятад хэл сурч эхэлсэн цагаасаа тв шоу их үздэг байсан. Үзэж буй зүйлээсээ өдөр тутмын хэллэг, мэргэжлийн үг хүртэл сурах 100 хувь боломжтой байдаг. Дуртай зүйлээ үзэнгээ орчуулгын чадвар гэлтгүй сонсох, ярих, унших, бичих чадвараа сайжруулсан.
-Хятад хэлний орчуулга хийж байхдаа болсон хөгжилтэй, дурсамжтай зүйлээсээ дурдаач?
-Орчуулга хийх бүрдээ ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэж, шинэ хүрээлэлд орж, мэдэхгүй зүйлтэйгээ нүүр тулдаг нь дурсамжтай юм болов уу. Тэр бүхнээсээ суралцаж, танин мэдэж байдаг нь сонирхолтой байдаг даа.
-Хятад хэл сурахад тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн давах ёстой талаар манай оюутнуудад зөвлөгөө өгөөч?
-Хятад хэлийг анх 4 хөгтэй байдаг гэдгийг ч мэдэхгүй сурна аа гээд сурч эхэлж байсан. Оюутан болоод хятад хэлийг үзэж эхлээд хятад хэл чинь яасан гоё юм бэ гэж бодон дурлаж сурч байлаа. Одоо ч мөн адил. Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж яваарай гэж хэлье.