Архитектур, дизайны сургуулийн англи хэл, математикийн багш, математикийн ухааны доктор Б.Грегоритой ярилцлаа.
-Таны багшлах замнал хэрхэн эхэлсэн вэ?
-Би багаасаа математикийн хичээлд маш их сонирхолтой байсан. Энэ нь намайг уг салбарыг гүнзгийрүүлэн судлахад түлхэц болсон. Дараа нь би математикийн доктор хамгаалж, эрдэм шинжилгээний ажлаас багшлах карьер руугаа шилжсэн.
-"СИТИ" Их сургуульд хэрхэн ажиллах болсон бэ?
- Би Франц улсын иргэн. Анх Монголд зургаан сарын хугацаатай оюутны визээр ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсад амьдрах, ажиллах сонирхол төрж, одоо зургаан жил болж байна. Монгол хүмүүсийн найрсаг хандлага, амьдралын нөхцөл байдал надад их таалагдсан. “СИТИ” Их сургуультай холбогдсон түүх минь 2022 оноос л доо. 2022 оноос эхлэн “СИТИ” Их сургуулийн Архитектур, дизайны сургуульд англи хэл, дээд математик зааж байна. Сургуулийн багш нартай хамтран ажиллах боломж олдсонд ихээхэн таатай байдаг. 2022 оноос өмнө би Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байсан юм.
-Оюутнуудын математик, англи хэлний хичээлд хэрхэн ханддаг вэ?
-Математикт суралцах нь олон хүний хувьд бэрхшээлтэй санагддаг байж болох юм. Оюутнууд математикийн хичээлд эхэндээ бэрхшээлтэй тулгардаг ч тэдэнд асуудал шийдвэрлэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх боломж олгох замаар хичээлээ илүү сонирхолтой болгодог. Практик жишээнүүд, бодит төсөл дээр ажиллах нь оюутнуудад хичээлийн утга учрыг ойлгоход тусалдаг. Математик нь зөвхөн тооцоолол биш, харин бүтээлч сэтгэлгээний үндэс болж өгдөг. Монгол оюутнуудын хичээлдээ оролцох идэвх нь тун сайн. Мөн оюутнууд багшийг маш их хүндэлдэг. Англи хэлний хичээл гэхэд тэд шууд англиар яриад эхэлдэг. Англи хэл нь сайн биш оюутнуудын хувьд маш их хичээл зүтгэлтэй суралцдаг.
-Математик, англи хэлний хичээлүүдийг хэрхэн холбон заадаг вэ?
-Англи хэл, математикийн мэдлэг хоёулаа чухал. Архитектур, дизайны чиглэлээр суралцаж буй оюутнуудад англи хэл болон математикийн мэдлэг зүй ёсоор холбогддог. Англи хэлээр гадаад эх сурвалжтай ажиллах чадварыг хөгжүүлж, математикийн хичээлээр логик сэтгэлгээ, басуудлыг шийдэх чадварыг олгодог. Энэ хоёр хичээлийг зэрэг судлах нь оюутнуудад хөгжил, бүтээлч чанар авчирдаг.
-Математик нь орчин үеийн дизайны салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Математик нь орчин үеийн дизайны салбарт олон төрлийн нөлөө үзүүлдэг. 3D загварчлал, тоон загварчлал, архитектурын төлөвлөлт гэх мэт салбарууд зөвхөн математик, тооцоололгүйгээр оршин тогтнохгүй. Математикийн үндсэн ойлголтууд, онолыг баримталж, бүтээлч хандлагаар орчин үеийн дизайны олон төрлийг үүсгэх боломжтой. Энэ тал дээр оюутнуудыг дэмжиж, тухайн салбарын суурь мэдлэгийг нь бататгаж өгдөг.
-Та оюутнуудад юу зөвлөх вэ?
-Би оюутнууддаа үргэлж хэлдэг. "Математик болон англи хэлний мэдлэгээ хослуулах нь таныг илүү бүтээлч, олон талт мэргэжилтэн болгоно" гэж. Энэ хоёр салбарыг зэрэг сурах нь зөвхөн академик амжилт төдийгүй, амьдралынх нь олон талбарт тус болно Математик бол зөвхөн тоон тооцоолол төдийгүй, энэ нь асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэлгээний үндэс болдог. Оюутнууддаа энэ чадварыг хөгжүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгодог нь миний зорилго юм.