МҮХАҮТ болон “СИТИ” Их сургууль сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурснаар талууд бизнесийн орчныг сайжруулах зорилтын хүрээнд эдийн засаг, бизнесийн холбогдолтой бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн тус санамж бичгийг байгуулснаар МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын ажилтнууд “СИТИ” Их сургуулийн бакалавр, магистр, доктор, бакалаврын эчнээ хөтөлбөр, мэргэжлийн богино, дунд хугацааны сургалтын үйлчилгээг төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломж бүрдэж байна.
“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ:
Их сургуулийн зүгээс ажил олгогчдын хэрэгцээ, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүний нөөцийг бэлтгэх явдал чухал. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны салбарт бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах нь судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Бид 5000 гаруй гишүүнтэй, баялаг бүтээгчдийн эрх ашиг, бизнесийн орчныг хамгаалах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй МҮХАҮТ-тай яг энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгааг маш том боломж гэж үзэж байна. Хувийн хэвшлийн их сургууль, судалгааны байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах үндэс суурийг тавьж байгаад талархал илэрхийлье.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: Өнөөдрийн үйл ажиллагааны үр дүнд Монголын бизнесийн байгууллагуудын хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь боловсролын мэргэжлийн институци болох “СИТИ” Их сургуультай хамтран ажилласанаар гишүүн байгууллагуудынхаа албан хаагчдыг тасралтгүй суралцах, ажлын байран дээрээ мэргэжлийн хувьд байнга өсч, хөгжих тогтолцоог бий болгож байгаа юм. Нөгөө талаар “СИТИ” Их сургуулийн төгсөгчдийг “танхим”-ын гишүүн байгууллагуудын ажлын байранд зуучлахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байна.