Судалгаа хийх, тэмдэглэл хөтлөх ур чадвар
Унших, тэмдэглэл хөтлөх, мэдээлэл технологийн программ, техник хэрэгсэл ашиглах мэдлэг, ур чадвартай байх нь бие даалт, гэрийн даалгавраа илүү хурдан, үр дүнтэй хийхэд тусална.
Та чиг баримжаа олгох сургалтад хамрагдсан бол номын санд зочилж, уншигчийн карт хэрхэн авах, хэвлэмэл болон электрон номын сангаас өөрт хэрэгтэй номоо хэрхэн хайх талаар мэдлэгтэй болсон байх учиртай. Мөн өөрт хэрэгтэй номоо уншиж, хэрхэн тэмдэглэл хөтлөх боломжтой талаар номын санчаас тодруулж, зөвлөгөө авч болно. Мөн манай сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны уншлагын танхим дахь магистр, докторын дипломын ажлуудыг уншиж, судалгаа хийх туршлагаа баяжуулах боломжтой.
Унших чадвар
Номыг эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл нэг ч үг гээлгүй уншихад их цаг зарцуулдаг. Тэгвэл сэдэвтэйгээ холбоотой гол нэр томъёог хайж, бүлгүүдийн эхлэл болон төгсгөл хэсгийг уншаад үндсэн аргументуудын хураангуйг олж уншаарай. Энэ аргыг “Оксфорд”-ийн их сургуулийн оюутнуудад зөвлөдөг учраас хэдийн батлагдсан, үр дүнтэй гэж ойлгож болно. Ингэснээр зохиогчийн гол санаануудыг илүү хурдан ойлгоход тустай.
Тэмдэглэл хөтлөх
Тэмдэглэл хөтлөхдөө чухал гэж бодсон бүх зүйлээ цаасан дээр тэмдэглэдэг юм биш биз. Үүнээс илүү нэг арга бий. Бүлэг, эсвэл тухайн сэдвээ эхлээд хурдан уншаарай. Ингэхдээ тэмдэглэл хөтлөх шаардлагагүй. Хурдан унших явцдаа номын гол утга, санааг олж авснаар Та өмнөхөөсөө ялгаатай үр дүн гаргах болно. Дараа нь бүх эх сурвалжуудынхаа талаар иш татсан дэлгэрэнгүй мэдээллийг оруулахаа бүү мартаарай.
Сонгосон аргумент үндэслэл, эсвэл эшлэл бүрийн хуудасны дугаарыг тэмдэглэж болно. Үүнийгээ бие даалт, судалгааны ажил хийхдээ ашиглаж болох юм. Мөн тухайн сэдэв, гол санааг өөрийн үгээр нэгтгэн дүгнэх нь хамгийн сайн арга. Ингэснээр орчуулгын үг хэллэгээс зайлсхийхэд тустай.
Лекцийн үеэр тэмдэглэл хөтлөхдөө илтгэгчийн гол санааг ялгаж, нотлох баримтын хамт тэмдэглэж аваарай. Үг бүрийг нь бичих авахыг бүү хичээ. Илтгэгчийн хэлсэн санааг үйл явдлын дарааллаар эсвэл логик дарааллаар холбож, (mind map) тэмдэглэл хөтөлж болно.
Биеэ зөв авч явах
“СИТИ” Их сургуульд элсэн суралцагчид сургуулийн дүрэм, журмуудад захирагдана. Жишээлбэл,
1/ Оюутан нь боловсрол эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах иргэн болон төлөвшиж, чадварлаг, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болохыг хичээн суралцана;
2/ Мөн оюутан нь бусдыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах, анги курсийн ялгаа гарган дарамтлахыг хориглоно;
3/ Хичээл, даалгаварт аливаа мэдээлэл, судалгааны статистик мэдээ, лабораторын өгөгдөл, ишлэл буюу ном зүй зэргийг хуурамчаар үйлдэж болохгүй;
4/ Их сургуулийн сургалттай холбоотой дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно;
5/ Бусдын нэр төрд халдах, ёс бус харилцаа хандлага, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, доромжлох, шүлсээ ил зайдгай хаях, хориглосон газруудад тамхи татах, анги танхимд бохь зажлах, хогоо ил задгай хаяж болохгүй;
6/ “СИТИ” Их сургуулийн эд хөрөнгөд санаатайгаар гэмтэл учруулах, эвдэж хэмхлэх гэх мэт ёс зүйн дүрмийг сахиж, мөрдөх үүрэгтэй.
Төлбөр, санхүүжилт, тэтгэлэг
Их сургууль нь ирээдүйн болон одоогийн оюутнуудад тустай санхүүжилт, тэтгэлэг хайж олох чиглэлд анхаарч ажилладаг. Тухайн жилүүдэд зарлагдсан дотоодын болон гадаадын их сургууль, хамтран ажилладаг байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөр, тэтгэлэгүүдийн талаарх мэдээллүүдийг оюутнууддаа цаг тухай бүрт нь мэдээлдэг.
Клуб ба нийгэмлэгүүд
Төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй клуб, сайн дурын нийгэмлэгүүд Таныг элсэхийг хүлээж байна. Тухайлбал, Солонгос, Япон, Англи хэлний ярианы клуб, Мэтгэлцээний клубт хамрагдах боломжтой. Хэрэв Таны сонирхсон клуб манай сургуульд хараахан нээгдээгүй бол клуб үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлэн удирдахын зэрэгцээ ур чадвараа хөгжүүлэх боломж Танд бий.
Оюутнуудын оролцоо
Бид оюутнууддаа чанартай боловсрол олгохын тулд тасралтгүй ажилладаг. Хэрэв Танд сургалтын талаар тодорхой санал, хүсэлт байвал ирүүлээрэй. Бид сул болон давуу талаа илүү мэдэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагаагаа сайжруулснаар Таны суралцах орчин, нөхцөл боломж нэмэгдэх болно. Тиймээс санал, хүсэлт хэсэгт сэтгэгдэл үлдээж байхыг хүсье.
Түүнчлэн оюутнуудыг хамруулан явуулдаг төрөл бүрийн судалгаанд идэвхтэй оролцоорой.
Ерөнхийлөгчтэй цайлахуй
Шилдэг оюутнуудаа алдаршуулах, тэдэнтэй санал солилцох, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсох зорилгоор “Ерөнхийлөгчтэй цайлахуй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж, сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, судалгааны бүтээл туурвисан, онцгой амжилт үзүүлсэн оюутнуудыг хүлээж авч уулзан, тодорхой сэдвээр 30 минутын турш санал солилцож, урамшуулж байх юм.
Эмнэлгийн яаралтай тусламж
Та эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай бол 103 дугаарын утас руу залгаарай. Мөн шаардлагатай тохиолдолд Та сургуулийн эмч, сатгэл зүйчид хандаж, зөвлөгөө, мэдээлэл авч болно.