Хичээлийн шинэ жилийн эхний хэдэн долоо хоногт

“СИТИ” Их сургуулийн хичээлийн шинэ жилийн эхний хэдэн долоо хоног сэтгэл хөдлөм, завгүй байх магадлалтай юм. Та доорх мэдээллийг уншиж, ерөнхий зөвлөгөө аваарай. 

1. Танилцах долоо хоног 

Шинэ оюутнуудад зориулсан чиг баримжаа олгох, танилцах арга хэмжээний хуваарийг Таны сонгон суралцаж байгаа тэнхимээс имэйл хаягаар илгээнэ. Уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм. 

Мөн Таны сонгосон салбар сургуулийн тэнхимээс эхний хэдэн долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг илгээх болно. 

Түүнчлэн Та эхний долоо хоногуудад гадаад хэлний болон мэтгэлцээний, спортын болон бусад клубуудад нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх боломжоо олж авахаа мартуузай. 

2. Таатай орчин 

“СИТИ” Их сургууль нь Сүхбаатарын талбайгаас 1.8 км зайд буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Өөрөөр хэлбэл, Спортын төв ордон, үзвэр үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээтэй ойр учраас суралцах, амьдрах, хичээллэх таатай орчин Таныг хүрээлнэ. 

3. Болзошгүй луйвар, залилангаас сэрэмжлэх 

Хэн нэгэн Танаас имэйл, утасны дугаар, дансны дугаар зэрэг мэдээллийг чинь нийгмийн сүлжээгээр авахыг оролдох нь эрсдэлтэй тул эхний хэдэн долоо хоногт хянуур байх нь зүйтэй. Хэрэв төлбөр төлөхтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал Та “СИТИ” Их сургуудийн Санхүүгийн алба болон Сургалтын бодлого, зохицуулалтын газартай холбогдохыг зөвлөж байна. 

4. Оюутны үнэмлэх захиалах 

Оюутны үнэмлэхээ эхний долоо хоногуудад амжиж захиалаарай. Захиалахын тулд 3х4 хэмжээтэй 413*531 нягтралтай зургийг хариуцсан ажилтанд файлаар өгөх шаардлагатай. Шинэ элсэгчдэд оюутны цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгох бөгөөд хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд төлбөртэй. Оюутны үнэмлэх нь “СИТИ” Их сургуулийн оюутан мөн эсэхийг батлах үндсэн бичиг баримт болно. Үнэмлэхийг: 

  • Номын сангаар үйлчлүүлэх;
  • Дүнгийн тодорхойлолт авах;
  • Нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчих смарт карт захиалах;
  • Сургуулийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах;
  • Хичээлийн улирлын шалгалт өгөх;
  • Оюутны байранд орох зэрэгт ашиглах боломжтой. 

Анхаарах зүйлс: 

Таны мэдээлэлд үг, үсэг, зураг солигдсон зэрэг алдаа байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Таны мэдээлэлд алдаа байгаа бол Сургалтын бодлого, зохицуулалтын газрын холбогдох менежерт хандан алдааг яаралтай залруулах хэрэгтэй. 

5. СИТИ Их сургуулийн домайн нэр бүхий имэйл хаяг нээлгэх 

Та хичээлийн шинэ жил эхэлсний дараа 7 хоногийн дотор СИТИ Их сургуулийн Мэдээллийн технологийн хэлтэст хандаж, сургуулийн домэйн нэр бүхий имэйл хаяг нээлгээрэй. 

Сургуулийн имэйл хаяг нь суралцах хугацаанд Майкрософт компанийн “MS 365” багц программ, сургалтад ашиглах хэрэгслүүдийг үнэ төлбөргүй ашиглах боломж олгохын зэрэгцээ сургуулийн зүгээс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн арга хэмжээний талаарх мэдээллийг Танд цаг алдалгүй өгч байх болно. 

6. Шаардлагатай тохиолдолд хичээлээ хойшлуулах бол яах вэ?  

Хэрэв төлөвлөөгүй гэнэтийн нөхцөл байдал үүсвэл Та суралцах хугацаагаа хойшлуулах боломжтой. Энэ талаарх хүсэлтээ Сургалтын бодлого, зохицуулалтын газарт гаргаж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн