“Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшүүлж, Азийн тэргүүлэх их сургууль болох”-оор алсын хараагаа тодорхойлсон хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг 25 жилийн түүхтэй “СИТИ” Их сургууль жил бүр уламжлал болгон “GRADUATION SHOW” зохион байгуулдаг билээ.
Тус сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн нэг Барилга, архитектур дизайны сургуулиас өмнөх жилүүдэд дангаараа зохион байгуулдаг байсан төгсөгчдийг хувцас загварын шоу энэ жил илүү онцлогтой боллоо. Тодруулбал дан ганц хувцас, загвараар тогтохгүй арьс гоо засал, дэлгэцийн болон театрын нүүр хувиргалт, үсчин стилист, нүүр будалт, хумс заслын урлагийн бүтээлүүдээрээ Гоо сайхны сургуулийн оюутнууд бэлэг барьлаа.
Дөрвөн жилийн турш онол, практик хослуулан суралцсан оюутнууд ийнхүү сурсан мэдсэн зүйлээ тайлагнан ур чадвараа олон нийтэд танилцууллаа.
“GRADUATION 2022” шоунд “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа нарын удирдлага, багш, албан хаагчид , оюутнуудын гэр бүл, найз нөхдөөс гадна Олон улын төлөөлөл болсон Монгол Улсад Япон, Франц, Куба улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд гэргийн хамт, урлаг соёлын төлөөллүүд, үс, хумс урлалын мэргэжлийн холбоодын тэргүүн нар, загвар зохион бүтээгчид гээд хүндтэй зочид ирж оюутнуудын бүтээлийг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц байгааг тодотгож байв.