ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

Жил бүрийн энэ үед эцэг, эхчүүдийн хамгийн их санааг зовоож, анхаарал хандуулдаг асуудал бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт. Суурь боловсрол эзэмшиж, ЕБС төгсөн их дээд сургуульд элсэх бэлтгэлээ базааж буй сурагчдын завгүй өдрүүд үргэлжилж байна.

Яг энэ цаг үед “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна. Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөжээ.

1. Чиглүүл, тусал

Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлаас хол байлган, цагаа зөв зарцуулахад нь туслаарай.

2. Цагаа удирдахад нь тусал

Математикаа анхаарах, уран зохиолдоо санаа зовох, англи хэлээ давтах, монгол хэлээ судлах, шалгалтад бэлдэх, ирээдүйгээ төлөвлөх гэх мэт ачаалал огцом нэмэгдэнэ. Та тэдэнд туслахын тулд долоо хоног, өдөр, цагаар нь хуваарь гаргаж, үр дүнтэй хичээл давтахад нь чиглүүлээрэй.

3. Дэмж, урамшуул

Хүүхдийнхээ чадаж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж, сайхан үгээр урамшуулан магтаарай. “Чиний ирээдүй энэ шалгалтаас хамаарна”, "Хэрвээ чи мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байгаа бол шалгалтаа сайн өгөх ёстой” гэх мэт хөндий, албархаг үгээс зайлсхийж "хамгийн сайнаараа л ажилла", "Энэ бол зүгээр л шалгалт, миний хүүгийн/охины ирээдүй хичээл зүтгэлээс л шалтгаална" гэх мэт үгсийг ашиглаарай.

4. Хариуцлага бүү үүрүүл 

“Шалгалтад хангалттай оноо авбал” гэх зэргээр ямар нэг зүйл амлах нь тэдэнд том дарамт гэдгийг санаарай. Хангалттай оноо авахгүй байсан ч бид үргэлж дэргэд чинь байна гэдгийг мэдрүүлж, илүү анхаарал хандуулаарай. Мөн өөртөө итгэлтэй, тайван, нухацтай байхыг зөвлөж, хэт их ачаалал, хариуцлага үүрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

5. Орчин, нөхцөлийг бүрдүүлж өг

Хэдий та чухал ажилтай байсан ч аль болох хойш тавьж хүүхдийнхээ шалгалтад бэлтгэх орчин нөхцөлийг нь гэртээ бүрдүүлж, шаардлагатай сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх хүмүүстэй холбож, хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөөрэй.

6. Баг болж ажилла

Гэр бүлээрээ нэг баг болж хичээл зүтгэлийг нь илүү хурцал. Гэр бүлийн ярилцлага, амт чанартай хоол, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийх нь таны хүүхдэд илүү хүсэл тэмүүлэл өгөх болно.

7. Анхаарал сарниулах зүйлсээс нь хол байлгаарай

Шалгалтад бэлдэх энэ хариуцлагатай үеэр нь элдэв  дуу хөгжим, дэмий яриа, нэвтрүүлэг, кино, гэх мэт анхаарал сарниулах зүйлээс хүүхдээ хол байлгаарай.

“Таны хийх ёстой зүйл бол юу таны хүүхдийн хичээлд саад болж байгааг олж тогтоогоод, аль болох түүнээс хол байлгах явдал юм”.

 8. Шалгалтын стратегийн талаар ярилц

Хариултыг хэрхэн бичих, аль асуултыг эхлээд бөглөх, янз бүрийн хэсгүүдийн хооронд цагийг хэрхэн хуваарилах зэргийг хүүхэдтэйгээ ярилцаж, санал бодлоо солилцоорой. 10 хүүхэд тутмын 6 нь стратегиа анхаардаггүй учраас оноогоо алддаг. Тиймээс та хүүхэдтэйгээ суугаад энэ тухай ярилц. Та оюутан байхдаа тест бөглөдөг байсан аргаа ч зааж өгч болно шүү дээ.

9. Хүүхдээ ажиглаарай

Маш сайн бэлдсэн хүүхэд ч шалгалтын үеэр сандарч, хямардаг. Ямар нэг хэмжээгээр сандарч, санаа зовох нь хэвийн зүйл боловч, хэрвээ хүүхэд “Би энийг хийж чадахгүй нь”, “Би ч бүтэлгүйдэх нь ээ” гэх мэт сөрөг үгсийг хэрэглэж байвал илүү анхаарал хандуулж, ажиглаарай. Санаа зовсноос үүдсэн сэтгэл гутралд орж болзошгүй.  Хоолны дуршил буурах, байнга унтах, цочромтгой, уур уцаартай болох, тэвчээр нь алдагдах гэх мэт тохиолдлууд хүүхэд хэт их стресст орж байгааг илтгэх шинж тэмдгүүд юм. Иймээс анхаараарай!

10. Эцэст нь

Хүүхэд бүр өөр. Таны хүүхдийг танаас өөр хэн ч мэдэхгүй. Түүний хичээлд туслах нь сайн боловч та бүх зүйлд оролцоод байх шаардлагагүй.

Хэрвээ таныг хэтэрхий их оролцож байна гэсэн хандлагатай, төвөгшөөсөн байдал үзүүлбэл, илэн далангүй ярилцаж, түүнийг ойлгохыг хичээгээрэй.

ТАНД  АМЖИЛТ ХҮСЬЕ.

 www.citi.edu.mn

7744-224489088833

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.