“СИТИ” Их сургууль 2023 оноос Европын холбооны хамтарсан санхүүжилттэйгээр Erasmus+ хөтөлбөрийн дээд боловсролын салбар дахь цахим шилжилт "Digital Move" төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн нээлтийн хурлыг 2023 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Уг төслийн багт Франц, Словак, Вьетнам, Монгол Улсын 13 их сургууль хамтарч ажиллах юм. Төслийн ажлын багц 2-ын хүрээнд европын их дээд сургуулиудын сайн туршлагаас суралцах сургалт Францын Ницца хотын Кут д’Азурын их сургууль дээр 2023 оны 11 сарын 13-17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа, ГХА-ны дарга Т. Алтанцэцэг, Мэдээлэлийн технологийн албаны дарга Б.Сэцэн нар оролцов. Сургалтаар цахим шилжилт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, цахим шилжилтийн өөрийн үнэлгээ хэрхэн хийх, цахим шилжилтийн стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулах зэрэг олон чухал сэдвээр лекц, семинар явагдаж, ярилцлага өрнөсөн юм. ”Digital Move" төсөл хэрэгжсэнээр Вьетнам болон Монгол Улсын дээд боловсролын байгууллагуудад үйл ажиллагаа, оюутан, багш ажилтан, нийгэм гэсэн дөрвөн түвшинд цахим соёл бүрдэж, цахим сургалт, цахим сургалтын арга зүй, хөтөлбөр улам бүр боловсронгуй болж, цахим сургагч нарыг бэлтгэж, төслийн үр дүнг их, дээд сургуульд төдийгүй нийгэмд түгээн дэлгэрүүлэх юм. Сургалтын дараа Кут д’Азурын их сургууль “СИТИ” Их сургуультай оюутан солилцооны гурван жил үргэжлэх ERASMUS төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.