Д.ДАГВАДОРЖ: СОНГОДОГ УРЛАГ ГЭДЭГ САХИЛГА БАТ, УР ЧАДВАР ШААРДДАГ МЭРГЭЖИЛ

“СИТИ” Их сургуулийн төгсөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучин Д.Дагвадоржтой ярилцлаа.

-Дуурийн урлагт анх хэрхэн хөл тавьж байсан бэ. Багаасаа л дуулдаг хүүхэд байв уу?

-Би багаасаа л дуулдаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог хүүхэд байсан. Угтаа эстрадын дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Ингээд хоёр жил эстрад, хоёр жил дуурийн чиглэлээр суралцаж төгссөн.

- Та "СИТИ" Их сургуулийг хэдэн онд төгссөн бэ. Ямар багшийн шавь бэ?

-Би 2010 онд “СИТИ” Их сургуулийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр багшийн удирдлаган дор “Дуурийн дуулаач”-ийн мэргэжлээр төгссөн. Багш маань дуурийн урлагт гүнзгий ойлголт, мэдлэг олгож, хичээл, сургалт бүрээр урлагийн талаарх ойлголтыг минь өргөжүүлж байсан. Багшийн маань зөвлөмж, арга зүй миний дуурийн урлагт амжилттай хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Сургуулиа ч маш их хүндэтгэж явдаг.

-Олон уралдаан тэмцээнд олон амжилт үзүүлсэн байдаг. Тэр бүхнээсээ дурдаач?

-Сургуулиа төгсөөд 2010 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Эрдэнэт дуу бүжгийн чуулгад дуучнаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. 2019 онд ОХУ-ын Улан-Үдэ хотноо зохиогдсон “Байкальский международный конкурс-III вокалистов” олон улсын уралдааны тэргүүн байр хүртсэн. Түүнээсээ маш их урам авч, дуурийн дуучин чиглэлээр гүнзгийүүлэн суралцах, дуулахыг хүссэн. Энэ тэмцээний дараа ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театр, Владивосток хотын “Марийнскийн театр” зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гэрээгээр ажиллах саналууд ирсэн. Ингээд дуулах ур чадвараа нэмэгдүүлэх, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж мэргэжлийн урлагийн байгууллагуудын саналыг хүлээн авч ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрт гоцлол дуучнаар ажиллах болсон. Энэ хугацаандаа Ж.Бизе КАРМЕН дуурийн Дон Хозе гол дүр, Ж.Верди АИДА дуурийн Радамес гол дүр, Ж.Бизе КАРМЕН дуурийн Дон Хозе гол дүрийг бүтээж, Улан-Үдэ хотноо зохиогдсон “БАЙКАЛЬСКИЙ МЕЖДУНАРОДНЫЙ КОНКУРС-III ВОКАЛИСТОВ” уралдаанд оролцож ТЭРГҮҮН байрын шагнал, 2020 онд “XIII международного конкурса вокалистов им.народного артиста СССР ЛЛ.Линховоина” олон улсын дуурийн дуулаачдийн уралдааны ГРАН-ПРИ шагнал, ОХУ-ын ардын жүжигчин Дарима Лхасарановна Линховоинийн нэрэмжит шагнал, 2021 онд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдсан Нэрт дуучин Энрико Карузийн 100 жилийн ойд зориулсан “Vencero” олон улсын дуурийн дуулаачдийн уралдааны финалист, 2022 онд “VI международного конкурса вокалистов им.народного артиста СССР К.И.Базарсадаева” олон улсын дуурийн дуулаачдийн уралдааны Тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн.

Түүнчлэн 2022 онд Болгар улсын Пловдив хотод зохиогдсон “The voice of kamen” олон улсын анхдугаар уралдааны Тусгай байр, 2023 онд ОХУ-д зохиогдсон ОХУ-ын Ардын жүжигчин Хибла Герзмавагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачид болон концертмейстеруудын I уралдааны 38 орны 800 гаруй дуулаачдаас шалгарч “Дуурийн шилдэг 16 дуулаач”, Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын 12 дахь удаагийн уралдааны 35+ дээш насны ангилалд "Академик вокал буюу Сонгодог", Эстрадын дуу", "Эх орон сэдэвт эстрадын дуу" төрлүүдэд Тэргүүн байр, Исаак Дунаевскийн урын сангийн "ШИЛДЭГ ДУУЧИН", Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулсан С.Рахманиновын урын сангийн " ШИЛДЭГ ДУУЧИН",  2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын санаачлагыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа "Ангажемент" олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, 2023 онд Монгол Улсын Ардын  жүжигчин А.Энхтайваны нэрэмжит мэргэжлийн дуу дуулаачдын олон улсын анхдугаар уралдаанд III байрыг тус тус эзэлсэн байна.

2024 оноос ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. 2024 онд Ж.Бизе Кармен дуурийн Дон Хозе гол дүр, 2025 оны 1 дүгээр сард Дж Верди Аида дуурийн Радамесийн гол дүрд дуулдаа. Одоо 2025 оны 2 дугаар сарын 20-нд Дж Верди Макбет дуурийн Макдуфа дүрд дуулахаар бэтгэлээ хийж байна даа.

-Дуучин болох замд хамгийн том сорилт, туулсан бэрхшээл юу байв?

-Одоо ч гэсэн сурах зүйл маш их. Ялангуяа сонгодог урлаг гэдэг сахилга бат, ур чадвар шаарддаг мэргэжил. Магадгүй өдөр тутамд л бэрхшээл гарч ирдэг.  Миний хоолой эрэгтэй хүний нарийн хоолой гэж явдаг учир хайрлаж, гамнаж явах хэрэгтэй байдаг даа. Энэ урлагт тасралтгүй суралцах, хөгжих хэрэгтэй.

-Та ямар дуучнаас үлгэр дууриал авдаг вэ?

-Би Итали улсын нэрт дуучин, дэлхийн од Luciano Pavarotti гэдэг дуучинг сонсож, үлгэр дууриалд авдаг даа.

-Монголын дуурийн урлаг ямар шатандаа явж байна гэж хардаг вэ?

-Азийн орнуудаас анхны дуурийн театр Монгол Улсад байгуулагдсан. Монгол Улс өөрийн үндэсний дуурь болон гадны дууриудийг эх орондоо сорчлон тавьж байна. Монголын дуурийн дуучид гадны оронд дуулж байна. Ингээд харахаар энэ урлагийн хөгжил өндөр байгааг харуулж байна.

-Монголын сонсогчдын дуурийн урлагт хандах хандлага хэр өөрчлөгдөж байгаа гэж та бодож байна?

-Монголын шинэ үеийн залуу дуучид дэлхийд амжилт гаргаж эхэлсэн нь сонсогчдын сонирхлыг ихээхэн нэмэгдүүлсэн. Залуучууд дуурийг илүү сонирхож үзэх болсон байна лээ.

-Монголын дуурийн урлагийг олон улсад таниулахад юу хамгийн чухал гэж үзэж байна вэ?

-Монголын өөрийн үндэсний дууриас сонголт хийж шинэчлэн найруулах эсхүл шинээр бүтээн толилуулах, олон улсад сурталчилах, олон улсын тайзан дээр тоглох зэрэг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.