Ж.ТЭМҮҮЖИН: ДЭЛХИЙН ХААНААС Ч CITI SCIENCE СЭТГҮҮЛИЙГ DOI ДУГААРААР УНШИХ БОЛОМЖТОЙ

“СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ж.Тэмүүжинтэй ярилцлаа.

-“СИТИ” Их сургууль эрдэм шинжилгээний CITI SCIENCE сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Энэхүү сэтгүүл олон улсад ч бүртгэлтэй болсон байна лээ. Сэтгүүлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“СИТИ” Их сургууль эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах, судалгааны үр дүнг олон улсын түвшинд баталгаажуулах, хийгдсэн судалгааны ажлаа олон нийт, эрдэм шинжилгээ судалгаа гүйцэтгэгч бусад судлаачидтай хуваалцах зорилгоор шинжлэх ухааны судалгаа, үр дүнгийн мэтгэлцээний талбар болох  CITI Science эрдэм шинжилгээний сэтгүүлийг 2021 оноос эрхлэн гаргаж эхэлсэн. Улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болохын тулд 2023 онд сэтгүүлийн редакцын зөвлөл, сэтгүүлийн бодлого, өгүүлэл бичих зааврыг шинэчлэн боловсруулсан. Тухайлбал, гадаадын нэр хүндтэй гурван эрдэмтнийг редакцын зөвлөлд урин оролцуулж, өгүүлэл монгол хэлээр бичигдсэн ч заавал англи хэлээр хураангуй бичдэг, зураг болон хүснэгтийн тайлбарыг англи хэлээр оруулдаг, холбоо барих зохиогчдын ORCID-ыг оруулдаг болсон.

Ингээд 2024 оны анхны дугаараас эхлэн crossref.com бүртгэлийн системд бүртгэгдэн албан ёсоор DOI дугаар авч crossreference бүртгэлийн системд холбогдсон сэтгүүл болсон. Одоо дэлхийн хаанаас ч  DOI дугаараараа уг өгүүллийг унших бүрэн боломжтой болсон. Энэ нь манай сэтгүүл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эхний алхам бөгөөд бүтээлээс эшлэл авах боломжийг сайжруулан урт хугацаанд бүтээл хадгалагдах юм. Манай сэтгүүлийн DOI дугаарын өмнөх хэсэг www.doi.org/10.60167 гэж бичигддэг.

-Сургуулийн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа ямар чиглэлүүдэд түлхүү анхаардаг вэ?

-“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль тус бүр эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байдаг. Үүн дээр нэмэгдээд бид тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн тэргүүлэх чиглэлийг ахин боловсруулах гэж байна. Хог хаягдлын менежментийн судалгаа хөгжил, хотын хөгжил дээр түлхүү анхаарах төлөвлөгөөтэй байна.

-Оюутан, багш нарыг эрдэм шинжилгээний ажилд хэрхэн оролцуулж, тэдний судалгааны ажлыг дэмждэг вэ?

-Манай сургууль өөрсдийн багш, оюутны эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилготой “Суралцагчдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих,  дүгнэх журам”, “СИТИ Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын журам,” “СИТИ Их сургуулийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх журам”, “СИТИ Их сургуулийн оюуны өмчийн талаар баримтлах бодлого”, “СИТИ Их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг урамшуулах журам” зэрэг бодлогын баримт бичгийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. “СИТИ” Их сургууль олон улсын хэмжээнд танигдсан эрдэм шинжилгээний байгууллага болох зорилго тавин ажиллаж байна.

-“СИТИ” Их сургууль олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж байна вэ?

-“СИТИ” Их сургууль нь Европын холбооны санхүүжилттэй Европ, Азийн их сургуулиудыг холбосон Erasmus Mundus mobility with Asia хөтөлбөрийн хүрээн дэх Монгол дахь түнш байгууллагын хувьд хамтран ажиллагч их, дээд сургуулиудтайгаа хөтөлбөрийн хүрээнд бүх талаар хамтран ажилладаг. Үүнээс гадна 2 талын хамтын ажиллагааны гэрээтэй Сингапур, Малайз, Энэтхэг, Франц, Япон, БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

-Таны хувьд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт томоохон ямар ямар ахиц дэвшлүүд гарсан гэж харж байна?

-Үүнийг ярихын тулд цаг хугацааны ямар үетэй харьцуулж байна гэдгийг тодруулах шаардлагатай гэж бодож байна. Эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, олон улсад үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх тал дээр үнэхээр илт ялгагдах өөрчлөлтүүд 1990-ээд оноос хойш гарсан. 1992-1993 онуудад олон улсын бүртгэлийн Скопус системд бүртгэлтэй өгүүллийн тоо хоёр, гурваар л тоологдож байсан бол одоо жилд хэдэн зуугаар, эшлэл хэдэн мянгаар нэмэгдэж байна. Судлаачдын тоо 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад хэдэн мянгаар буурсан боловч судалгааны үр дүнгийн үндсэн үзүүлэлтийн нэг болох олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн тоо эрс сайжирсан. Одоо судалгаа шинжилгээний үр дүнг өрсөлдөхүйц патент, шинэ технологи болгон үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх ажиллагаа л олон бодит шалтгаанаас болж санаснаар биелэгдэхгүй байна даа. Түүнчлэн тогтвортой хөгжлийг хангах судалгаа шинжилгээний чиглэлийг хамгийн чухал гэж харж байна. Үүнээс гадна саяхан болж өнгөрсөн “Шинжлэх ухаан, оролцоо” үндэсний форумд хэлэлцэгдсэн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй мега төслүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх, боломжит мега төсөл хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох шаардлагатай байна.