Докторын диссертац нь тухайн салбарт холбогдол бүхий зорилтыг шийдсэн, эсвэл улс орны нийгэм, эдийн засагт холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй (арга, аргачлалын дагуу нотлон)-гээр шийдсэн байна.
Горилогч дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ нарийвчлан нотолсон, урьд өмнө хийгдсэн, мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шинэлэг талыг нээн харуулсан, тухайн сэдвээр шинэ мэдлэг, мэдээлэл, үндэслэл, онол практикийн дүгнэлт гаргасан, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл байх шаардлагыг хангасан байна.
Докторын диссертацыг “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгчийн баталсан загвар, шаардлагын дагуу бичиж, хэвлүүлэх бөгөөд шинжлэх ухааны судалгааны хэлний хэм хэмжээний дагуу бичсэн байна.
Диссертацын ажлын хавсралтад зохиогчийн эрхийг хамгаалсан бүтээл буюу судалгааны ажлын чиглэлээр авсан патентын жагсаалт байвал хавсаргана.
Диссертацын ажлын хэмжээ нь зураг, хүснэгтүүд, график, ашигласан ном зүй, хавсралтын хамт А4 хэмжээтэй, 100-гаас багагүй хуудсанд багтсан байна.
Диссертацыг монгол хэлээр бичнэ. Диссертацын тухай товч танилцуулгыг англи, эсвэл орос хэл дээр 3 хуудаст багтаан бичиж, диссертацын эцэст хавсаргана.
Горилогчийн хүсэлт, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр диссертацын ажлыг англи хэл дээр бичүүлж, хамгаалалтыг англи хэл дээр явуулж болно. Энэ тохиолдолд диссертацын тухай товч танилцуулгыг монгол хэлээр бичнэ.
Диссертаци бичихэд ашигласан буюу ишлэл авсан бүтээлийг жагсаалтад бүрэн оруулна. Харин тухайн салбар шинжлэх ухааны нийтлэг судлагдахуун, лавлах, сурах бичиг энэ жагсаалтанд орохгүй. Хэрэв өөр судлаачийн диссертаци болон судалгааны материалаас ишлэл хийлгүйгээр ашигласан нь тогтоогдвол диссертацийн уг хэсгийг хамгаалалтад тооцохгүй байх хүртэл арга хэмжээ авна.
Судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн сэдвийн хувьд техник, эдийн засгийн үр ашгийн тооцооны хэлбэрээр диссертацид тусгаж болно.
Диссертацийн ажлын үндсэн тайлбар бичгийн бүтэц:
1/ гадна нүүр хуудас;
2/ дотор нүүр хуудас;
3/ гарчиг буюу агуулга;
4/ түлхүүр үг, нэр томьёоны цэс (шаардлагатай үед);
5/ удиртгал;
6/ үндсэн хэсэг (дотроо 2-3 бүлэгтэй байж болно);
7/ ерөнхий дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт (ном зүй), хавсралт, диссертацийн товч танилцуулга /анотаци/ эдгээр болно.