“CИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Барилга, архитектур, дизайны сургуулиас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр “СИТИ ДИЗАЙН” уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилийн төлөвлөгөөний дагуу уралдаан дөрөвдүгээр сард явагдаж байгаа бөгөөд дөрвөн төрлөөр нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчид оролцож буй юм.
Хувцас дизайн, Архитектур, Интерьер дизайн болон График дизайны төрлүүдээр 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус уралдаанд энэ жил 200 гаруй сурагч бүтээлээ ирүүлж эхний шатны шалгаруулалтууд амжилттай болж өндөрлөв. Хувцас загварын төрөлд Үндэсний, Гоёлын, Авангард болон өдөр тутмын нийт 50 коллекц шалгарч 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагаас “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулагдах сүүлийн шатны шалгаруулалтад оролцох эрхээ авлаа.
Архитектур, Интерьер дизайн болон График дизайны төрлүүдэд эхний шатанд шалгарсан бүтээлүүд шилдэг бүтээлийн үзэсгэлэнд тавигдаж тус бүтээлүүд дундаас шүүгчдийн бүрэлдэхүүн энэ жилийн шилдэгүүдийг шалгаруулах юм.
Жил ирэх тусам оролцогчдын тоо өсөж, ирүүлж байгаа бүтээлийн чанар, загвар, дизайн сайжирч байгаа “СИТИ ДИЗАЙН” уралдаан нь сурагчдын чөлөөт цагийг зөв болосон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломж олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм.Шилдэг бүтээлийн эзэд “СИТИ” Их сургуульд хөнгөлттэй үнээр суралцах, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнуулах бөгөөд сүүлийн шатны шалгаруулалт олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж сурагчдын бүтээлээр гаргасан үзэсгэлэнг үзэх боломжтой юм.