“СИТИ” Их сургуулийн цахим хуудас шинэчлэгдлээ

“СИТИ” Их сургуулийн citi.edu.mn цахим хуудас шинэчлэгдсэнтэй холбогдуулан тус сургуулийн удирдлагууд уг ажлыг хариуцан зохион байгуулсан Ажлын хэсгийн төлөөлөл Инновац, бизнес хөгжлийн газрын захирал Т.Сугарсүрэн, Сүлжээ, мэдээллийн төвийн эрхлэгч З.Райымбек, Гадаад харилцааны албаны захирал Т.Алтанцэцэг, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын менежер С.Энхжин, Маркетингийн газрын мэргэжилтэн Г.Баясгалан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхийлөгч Ц.Байгалмаа нар сургуулийнхаа цахим хуудсыг орчин цагийн шаардлагад нийцүүлэн богино хугацаанд өөрсдийн хүчээр шинэчлэн хөгжүүлж буйд талархал илэрхийлэн баяр хүргэж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Шинэчлэгдсэн цахим хуудсанд “СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааны онцлог, давуу тал, нөөц бололцоо болон сургалттай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, онлайн бүртгэл, элсэгч, оюутан, магистрант, докторантуудад зориулсан заавар, зөвлөмжийг тусгасан байна. Эдгээрийн зарим нь хөдөлгөөнт зураг, видео хэлбэрээр байршсан тул танилцахад энгийн, хялбар болжээ.

Мөн цаг үеийн статистик мэдээллийг уг цахим хуудсанаас сонирхолтой, товч хэлбэрээр авах боломжтой юм. Түүнчлэн “СИТИ” Их сургууль “Microsoft office 365” багц программыг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор багш, оюутнууд уг программыг хэрхэн ашиглах заавар, онцлог давуу талуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсанд оруулжээ.

Мөн дэлхий даяар 240 гаруй сая хүний ашигладаг, онлайн сургалтын иж бүрэн программ “Moodle” цахим сургалтын системийг ашиглах заавар, зөвлөмжүүдийг нээлттэй байршуулсан байна. Үүнээс гадна “СИТИ” Их сургуулийг сонгон суралцахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулан онлайн бүртгэлийн видео заавар, зөвлөмжийг байршуулсан бөгөөд шинээр элсэн суралцагч сургуулийн сургалтын орчин, материаллаг баазтай онлайнаар танилцах боломжийг бүрдүүлжээ.

Шинэ цахим хуудас нь гадаад оюутнууддаа зориулсан англи хэлний тохиргоотой бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар болсонтой холбогдуулан цахим хуудсыг уйгаржин монгол бичгээр унших сонголттой болгохоор бэлтгэж байна.

Сургуулийн болон багш, ажилчдын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт авах булан бий болсон учраас элсэгч, төгсөгч нартайгаа ойр, эргэх холбоотой ажиллах боломжийг мөн нэмэгдүүлээд байна. Мөн түүнчлэн “СИТИ” Их сургуулийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах “Concept store” дэлгүүрийг тун удахгүй уг цахим хуудсанд байршуулан ажиллуулна.

Та бүхэн “СИТИ” нэрийн бүтээгдэхүүн халуун баригч аяга, түлхүүрийн оосор, дэвтэр, бал, аяганы суурь, хүрэм, цамц, малгай зэргийг citi.edu.mn сайтаас шууд захиалан авах боломжтой юм.