Шалгуур үзүүлэлт
“СИТИ” Их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, магистрант, докторантад дараах тохиолдолд төрөөс буцалтгүй тусламж олгоно. Үүнд:
- Бүтэн өнчин;
- Хөгжлийн бэрхшээлтэй;
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан;
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн 1 оюутан;
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд их, дээд сургуульд бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн.
- Бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангид суралцагч, цаатан өрхийн оюутан;
- Сувилагч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь; суралцагч 2.5-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд 100 хувь.
Дээрх нөхцөлийн 1, 3, 5-д заасан оюутны өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн тохиолдолд буцалтгүй тусламжийг төрөөс үргэлжлүүлэн олгоно.
Буцалтгүй тусламж нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутанд хамаарахгүй.
Материал хүлээн авах, хүргүүлэх
Хэрэв Та дээрх нөхцөлийг хангасан бол дараах баримт бичгийг бүрдүүлэн “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор өгнө:
- Өргөдөл;
- Төрсний гэрчилгээ;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт;
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр;
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт;
- Цаатан өрхийн оюутны хувьд Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт, Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар.
Буцалтгүй тусламж олгох
- “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газар шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, буцалтгүй тусламж олгох тухай хүсэлтээ Боловсролын зээлийн санд хүргүүлнэ. Боловсролын зээлийн сан мэдээллийг хянан магадалсны үндсэн дээр буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргана.
- Буцалтгүй тусламж авсан оюутан чөлөө авсан, эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
- Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс буцалтгүй тусламжыг нь зогсоосон оюутан дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал буцалтгүй тусламжыг үргэлжлүүлэн олгоно.