“СИТИ” Их сургуулийн багш нар төрийн дээд шагнал хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар “СИТИ” Их сургуулийн нэр бүхий багш, ажилтнуудыг олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, төрийн дээд одон медалиар шагнасныг 2 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өглөө.

Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулав.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • “СИТИ” Их сургуулийн менежер, ерөнхий нягтлан бодогч Дүгэрхүүгийн ЭНХЧИМЭГ

 АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн МӨНХ-ЭРДЭНЭ
  • “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Бираагийн ОДОНГЭРЭЛ
  • “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны сургуулийн захирал Нарандэлгэрийн ЧАНЦАЛДУЛАМ
  • “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн захирал Чулуунбаатарын ДЭЛГЭРЦЭЦЭГ нар энгэрээ мялаалаа.

Шагнал хүртсэн хүмүүст Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр баяр хүргэж “Монголын төр та бүхэнд мэхийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй түүхэн жилийн босгонд нэр хүндтэй, алдар гавьяатай шагналыг гардуулж байгаадаа Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд баяртай байна. Та бүхэндээ дахин баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Мөн “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэн, хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ:

Д.Мөнх-Эрдэнэ нь 2004-2007 онд Голомт банкинд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар, 2016 оны 08 дугаар сараас 2019 он хүртэл Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2019 оноос “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж өмнө нь Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт иргэн тэмдгээр тус тус шагнаж байжээ.

Бираагийн Одонгэрэл:

Б.Одонгэрэл 2005-2015 оныг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрүүгийн эрх зүй, криминологийн секторт эрдэм шинжилгээний ажилтан, бодлогын ахлах судлаачаар ажиллаж байсан. Мөн 2015–2019 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалтын хэлтсийн дарга, Хүний нөөцийн газрын дарга, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байгаад 2019 оны 2 дугаар сараас “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь 2015 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2017 онд БСШУС-ын тушаалаар Боловсролын жуух бичгээр тус тус шагнуулж байжээ.

Дүгэрхүүгийн Энхчимэг:

Д.Энхчимэг нь 1989 онд Гадаад худалдааны “Монгол экспорт” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1990 оноос гадаад худалдааны “Хил худалдаа” нэгдэлд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажиллажээ. Уг нэгдэл татан буугдсан тул 1999 оноос “Улаанбаатарын дулааны шугам сүлжээ” компанид Эдийн засаг эрхэлсэн орлогч даргаар ажиллаж эхэлсэн.

Мөн тэрбээр Улаанбаатарын дулааны сүлжээний газарт орлогч дарга, алба болон хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оноос “СИТИ” Их сургуулийн Сургалтын албанд менежер, 2018 оноос ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна.

Нарандэлгэрийн Чанцалдулам:

Багш Н.Чанцалдулам нь 2007 оноос эдүгээг хүртэл “СИТИ” Их сургуульд Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд багш, Гоо сайхны сургуулийн захирлаар ажиллаж байна.

Тэрбээр Ажиллах хугацаандаа “Эдийн засгийн онол”, “Маркетингийн судалгаанд тулгуурлан бизнесийн үр ашгийг дээшлүүлэх нь” зэрэг сэдэвт гарын авлага төдийгүй Бизнесийн тэнхимийн багш нартай хамтран “Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага”, “Үйлчилгээний маркетинг” номыг эрхлэн гаргасан.

Мөн 2011 онд “Ажилчдын ажилдаа хандах хандлагыг дээшлүүлэх арга”, 2015 онд “Инфляцаар индексэжсэн өрийн бичгийн асуудал“, 2017 онд “25-р суваг телевизийн маркетингийн үйл ажиллагааг сайжруулах нь”, 2018 онд “Орон нутгийн хөгжилд нийгэм-эдийн засгийн салбарын судлаачдын оролцоо”, 2018 онд Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын эрдэм шинжилгээний хуралд “Маркетингийн судалгаанд тулгуурлан бизнесийн үр ашгийг дээшлүүлэх нь” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.

Н.Чанцалдулам нь 2013 онд “Ахлах багш”,  2013 онд МЗХ-ны ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ алтан медаль, 2016 онд “СИТИ” Их сургуулийн шилдэг багш, 2018 онд БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр  тус тус шагнагдаж байв.

Чулуунбаатарын Дэлгэрцэцэг :

Ч.Дэлгэрцэцэг нь 2007 оноос эдүгээг хүртэл “СИТИ” Их сургуульд Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн багш, Менежмент-нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос Урлагийн сургуулийн захирлаар тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Тэрбээр ажиллах хугацаандаа “Төрийн бус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хяналтын асуудалд”, “Татварын түр зөрүү ба байнгын зөрүүг боловсронгуй болгох нь”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Зардал удирдлагын нягтлан бодох бүртгэл” зэрэг сэдэвт гарын авлага, “Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага”, “Удирдлагын бүртгэл, шинжилгээ” болоод “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” зэрэг номыг эрхлэн гаргасан.

Мөн тэрбээр “Их, дээд сургуулийн дэргэдэх бизнес инкубатор төв ба инновацын зарим асуудал”, “Төрийн аудитын байгууллагын шалгалт ба зөвлөмж өгөх ажлыг иргэдийн оролцоотой хийх, үүнээс гарах давуу ба сул талын судалгаа” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлсний зэрэгцээ докторын зэрэг горилж “Төрийн байгууллагын аудитын дүгнэлт зөвлөмж өгөх ажилд иргэдийн оролцоог оролцуулах давуу болон сул талууд”  сэдэвт бүтээлд судалгаа хийж байна.

Ч.Дэлгэрцэцэг нь 2011 онд “Ахлах багш”, 2012 онд “Санхүүгийн байгууллагын 100 жилийн ойн” медаль, 2013 онд “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан”, 2018 онд БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдаж байв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.