LEVEL UP: ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ БҮРДЭХ НЬ

Сүүлийн жилүүдэд гарааны бизнес, энтрепренершип, гарааны бизнесийн экосистем зэрэг сэдэв их яригдах болсон билээ. Тэгвэл гарааны бизнесийн экосистем гэж чухам юу болох талаар та бүхэндээ товчхон сонирхуулъя.

Гарааны бизнесийн экосистем гэдгийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, гарааны бизнесийг үүсгэн байгуулах, хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж буй элементүүдийн нийлбэр гэж болох юм. Энэхүү экосистем нь гарааны бизнесийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг ач холбогдол бүхий янз бүрийн оролцогчид болон байгууллагуудаас бүрдэнэ. Үүнд:

Дэмжигч байгууллагууд - Инкубатор (incubators), түргэсгэгчид (accelerators), дундын ашиглалтын албан өрөө, талбай (co-working spaces) гэх мэт;

Сургалт, судалгааны байгууллагууд - Мэдлэг олгох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцөөр хангах, шаардлагатай судалгаа явуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй;

Хөрөнгө санхүүгийн байгууллагууд (Funding organizations) - Гарааны бизнест шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болох, хөрөнгө оруулалт хийх, сан бүрдүүлэх үүрэгтэй;

Үйлчилгээний байгууллагууд -  Бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, санхүү, маркетингийн гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд;

Томоохон компани, корпорациуд - Томоохон бизнесийн байгууллагууд гарааны бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол худалдан авагч, хэрэглэгч болох, мөн хөрөнгө оруулалтын болон бусад дэмжлэг үзүүлэх боломжтой.

СТАРТАП ЭКОСИСТЕМИЙН ТҮЛХҮҮР ОРЦУУД

Ямар нэгэн тогтвортой экосистем үүсгэхэд дундаршгүй их ажил болдог. 2014 онд АНУ-ын “Up Global” болон “Google for Entrepreneurs” байгууллагууд хамтарч хийсэн судалгаагаар, дараах таван түлхүүр орц байж гэмээнэ тухайн улс оронд экосистем амжилттай бүрддэгийг тогтоожээ.

УР ЧАДВАР

Хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг ханган, өөр өөр ур чадвар, мэдлэг, туршлага бүхий хүмүүсийг татан төвлөрүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа холбоо үүсгэх, хөгжүүлэх замаар урт хугацаанд хүмүүний капитал бий болгох.

НЯГТРАЛ

Олон төрлийн бизнесийн хабуудыг үүсгэх, бизнес зөвлөхүүдийн сүлжээг бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг салбарын талаарх ойлголт, мэдээллийг түгээх, эрдэмтэн судлаачдыг бизнес эрхлэгчидтэй холбох зэрэг нь экосистемийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг.

СОЁЛ

Гарааны бизнесийн өвөрмөц соёлыг бий болгох, бизнес эрхлэгчдийн ур чадвар, хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилттай энтрепренеруудын жишээг олон нийтэд түгээж, уналт ба алдаа нь бизнес эхэлж буй хүнд зайлшгүй тулгардаг зүйл гэдгийг ухамсарлуулан ойлгуулах, даван туулах арга зам буйг харуулах нь гарааны бизнес ирээдүйд амжилтад хүрэх нэг гол нөхцөл болдог.

КАПИТАЛ БУЮУ ХӨРӨНГӨ

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг уг салбарт татан оруулж, хөрөнгө шилжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх дэд бүтцийг бий болгох, стартапуудыг хөрөнгөжүүлэх арга механизмыг илүү хялбар болгож өгөх шаардлагыг бодлого боловсруулагчдад тавих ёстой.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Хөрөнгө оруулалтыг татаж, эрсдэл ихтэй энэхүү салбарт капиталын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нээлттэй татварын системийг бий болгох, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангах шаардлагатай.

STARTUP GENOME ECOSYSTEM SURVEY

“Startup Genome” байгууллага нь 2012 оноос эхлэн жил бүр стартап экосистемийн хөгжлийн тайланг гаргаж эхэлсэн. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улсын 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап экосистемийн гол үзүүлэлтүүд болон бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтайгаар хэмжиж байр эзлүүлдэг байна.

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс 93 дугаар байр буюу топ 100 улсад багтаж, Улаанбаатар хот топ 1000 хотуудаас 690 дүгээр байрт жагссан байна. Израиль улсын “Startup data” компанийн “Startup blink” платформ нь олон улсын хэдэн арван мянган стартап компаниуд бүртгэлтэй стартап экосистемийн атлас, судалгааны төв бөгөөд жил бүр боловсруулан гаргадаг дэлхийн стартап экосистемийн тайланг олон арван мянган хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид шийдвэр гаргахдаа ашиглаж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон нийтэлдэг байна.

Дээрх тайланд “Улаанбаатар хот бол Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын гол цөм бөгөөд Улаанбаатар хотын стартап экосистем сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтайгаар хөгжиж, технологийн салбарын олон чадварлаг стартап компаниуд урган гарч улсын эдийн засгийг шинэ чиглэлд залж байгааг харахад, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна” гэж онцолжээ.

Улаанбаатар хотын захирагчийн албанаас инновац, стартап бизнес эрхлэгч залуусыг дэмжих зорилгоор 2018 онд Улаанбаатар инновацын төвийг байгуулсан.

Мөн технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “10,000 программист” бэлтгэх төслийг НЗДТГ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ мэтээр шинэ залуу үеийнхнийг дэмжих хөтөлбөрүүд ихээр хэрэгжих болсон нь бизнес эрхлэгчдийн хувьд таатай хэрэг билээ.

МОФФИС ИННОВАЦЫН ТӨВ

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Моффис инновацын төв одоогоор 18 компанийн 70 орчим гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөр бүр гишүүддээ зориулсан шинэлэг арга хэмжээнүүд, сургалтууд зохиодог тус төвийн зүгээс гишүүддээ өгч буй хамгийн том давуу тал бол "Мобиком" корпорацын 20 жилийн нөү-хау, бизнесийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаас суралцах, Монгол Улсын томоохон бизнес эрхлэгчдийн нэгтэй хамтарч ажиллах боломж шууд нээгдэж байгаа явдал юм. Моффист байрлаж буй стартапуудын гаргасан шинэ санаа, санаачилгыг дэмжиж ажиллахаа "Мобиком" корпорацын зүгээс илэрхийлсэн аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн