БНЧУ-ын Засгийн газар, ЭСЯ-наас хэрэгжүүлж байгаа төслийг хамтран хэрэгжүүлнэ

Хөгжиж буй орнуудыг олон улсын худалдааны системд илүү сайн нэгтгэж, ядуурлыг бууруулахад худалдааг үр дүнтэй ашиглахад туслах зорилготой уг хөтөлбөрт хамрагдахаар төслөө ирүүлсэн байгууллагуудаас “СИТИ” Их сургуультай хамтран ажилладаг, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийнхний “Барилгын дулаалгаар эрчим хүчийг хэмнэх нь” төсөл шалгарчээ. Ингэснээр тус сургуулийн байрыг дулаалж, эрчим хүч хэмнэх чехийн ноу-хауг нэвтрүүлэх юм.
 
“Худалдааг дэмжих хөтөлбөр”-ийн гүйцэтгэгчээр БНЧУ-ын “Контехин” групп ажиллаж байгаа бөгөөд тус группийн Ерөнхий захирал, эксперт инженер, ноён Боржвой Минарж, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүү нар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “СИТИ” Их сургуульд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

 

Зочдыг Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Д.Гэрэлмаа, Барилга, архитектур дизайны сургуулийн захирал Д.Отгонзаяа, тус сургуулийн Барилга архитектур, интерьер дизайны тэнхимийн эрхлэгч Э.Шинэзаяа нар хүлээн авч уулзан, төслийн явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, шаардлагатай мэргэжлийн заавар, зөвлөмжийг боловсруулан хамтран ажиллах боллоо.