“СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаатай ярилцлаа.
- “СИТИ” Их сургуулийн хувьд хувийн ууган сургуулиудын нэг. Өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ хэрхэн тэлж, боловсролын салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
Манай сургууль 1998 онд байгуулагдаж өдгөө зургаан бүрэлдэхүүн сургууль, бүхий их сургууль болон өргөжин тэлсэн байна. Бид ирэх онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Дээд боловсролын чанарт бид ихээхэн анхаарал хандуулж зүгээр диплом олгох хэмжээний сургууль биш гэдгээ бүх цаг үед мэдрүүлсээр ирсэн. Тэр ч утгаараа олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад, дотоод хамтын ажиллагаагаа жил бүр өргөжүүлж байна.
“Дэлхийн боловсролыг Монголд эзэмшүүлэх замаар Азийн тэргүүлэх сургуулийн нэг болно” гэж алсын хараагаа тодорхойлж хүнлэг, соёлтой, нийгэмд үнэ цэнийг бүтээгч иргэнийг бэлтгэхээр манай хамт олон зорьж байгаагаас бидний ажлын цар хүрээг харж болно.
Монголд төдийгүй дэлхий дахинаа дээд боловсролын чанарын тухай ярьж байна. Боловсролыг яаж хүртээмжтэй, өдөр бүр өөрчлөгдөж буй нийгэмд ард түмэндээ хэрхэн чанартай боловсрол түгээх вэ? гэдэг том асуудал. Манай улс ч гарц шийдэл эрэлхийлж дотоодын их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа өөрчлөөд шинэчлэгдээд явж байна. Бид яг л энэ зарчмаар цаг үетэйгээ нийцүүлэн ажиллаж байна. Аливаа өөрчлөлт тийм ч амархан байдаггүй. Цаг хугацаа, хөрөнгө санхүү олон зүйлээс шалтгаална. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 87 их, дээд сургууль дунд “СИТИ” Их сургууль өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээсэн өөрийн гэсэн ертөнцтэй сургууль. Бид зүгээр л оюутнаас төлбөр авч бусдаас ялгарах онцлоггүй, нэр төдийхөн сургууль байхыг хүсдэггүй. Зарим их сургуулиудын тухайд диплом олгох төдийхнөөр дээд боловсролыг хэмжиж байгаа нь харамсалтай.
- Танай сургууль бусдаас юугаар ялгарч, байгаа вэ?
Их сургуульд ороод ганц мэргэжил эзэмших нь нийгэмд шаардлага хангахгүй болсон. Тухайн хүний сонгосон мэргэжил хэр эрэлт хэрэгцээтэй байгаагаас шалтгаалж цаашид оршин тогтнох эсэх нь яригдаж байна. Тэгэхээр бид оюутнуудынхаа сонгосон мэргэжлээр нь сургахаас гадна хувь хүний хөгжилд нь илүү анхаарч байна. Тухайн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж бусад ямар чадвар хэрэгтэй байна түүнийг нь эзэмшүүлэх буюу хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл суурь чадамж, мэргэшил, мэдлэгийг бий болгоход анхаарч байна.
- Суурь чадамж гэдэгт олон зүйл орох байх. Тодруулбал?
Жүжигчин мэргэжлээр сураад төгсөж байгаа хүн насан туршдаа тэр мэргэжлээр ажиллах уу гэдэг асуудал эхлээд яригдана. Сурсан мэргэжлээрээ ажиллах нь зүй хэрэг ч насны хязгаартай ч юм уу, нийгэмд мэргэжил нь байр сууриа олоход нь дутмаг санагдах ч юм уу асуудал тулгарна. Тэр үед яах вэ? гэдэг дээр нь л бид туслах замыг нь зааж байгаа хэрэг. Энэ хүн 30 жил бүжигчнээр ажиллаа гэхэд цаашид өөр чадвараа ашиглан амьдрах ёстой болно. Тиймээс хоёр, гурав дахь мэргэшлийг өөртөө бий болгох боломжийг одоо сурч байхдаа олгож авах хэрэгтэй. Тиймээс л хөрвөх буюу хувьсан өөрчлөгдөх чадвар бүхий үнэ цэнтэй иргэн бэлтгэнэ гээд байгаа юм. Нэгэнт сурсан зүйлийг хүн булаагаад авчихгүй учир цаг хугацааг ашиглан өөрийн чадавхаа нэмэгдүүлэх боломжийг олгож байна гэсэн үг.
- Тэгэхээр үндсэн мэргэжлээсээ гадна бусад мэргэжлээр сурч мэргэших боломжтой гэсэн үг үү?
Яг тийм. Үндсэн сонгон суралцаж буй мэргэжлээс гадна 2, 3 дахь мэргэжлээр өөртөө чадвар нэмж мэргэших боломж гэсэн үг. Үүнийг яг ямар замаар олгох юм бэ гэдэг асуулт гарна. Бид сая сургалтын хөтөлбөр дээрээ ажиллаж төлөвлөгөөгөө шинэчилсэн. Манай бусад их сургууль 120 кредит буюу багц цаг судалж байхад манай сургуульд 140 багц цаг судлан төгсөх юм. Энэ хугацаандаа дээр хэлсэнчлэн үндсэн мэргэжлээ судлан суралцана, нэмээд бусад чадваруудаа хөгжүүлнэ. Үүнийг бид “ЛИБЕРАЛ АРТ” хөтөлбөр гэж нэрлэж байгаа юм. Дуучин, жүжигчнээр сурч байгаа бол нэмээд хувцас загвар, хууль эрх зүй, бизнес ч гэх юмуу мэргэжлээр мэргэших цагийг нэмж оруулсан. Бүх л салбарт хөрвөх чадвартай боловсон хүчнийг захиалж байна. Тэр ч утгаар уг хөтөлбөрт анхаарал хандуулан илүү бүтээлч, илүү чадварлаг, илүү хичээл зүтгэл гарган сурахыг оюутнууддаа уриалж байна.
Түүнчлэн оюутнуудыг урт болон богино хугацааны дадлага хийх асуудалд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Дадлага хийх нэртэй цай кофе зөөх нэр төдий байх байдал элбэг. Энэ байдлыг халж дадлагаар олж авах мэдлэгийг баталгаажуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна гэсэн үг.
- Оюутан дадлагажуулах тусгай хөтөлбөрөө дагаад хамтын ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
Манай сургууль ер нь хамтын ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулдаг. Өнгөрсөн жил гэхэд МҮХАҮТ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Олон Улсын Арбитр, “Нэпко” ХХК гээд төр, хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан оюутан дадлагажуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хамтарч хийх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтын ажиллагаанууд жил ирэх тусам чанаржин, өргөжиж байна. Түүнчлэн зөвхөн дотоодын ААН, байгууллагаар зогсохгүй гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд маань маш амжилттай үргэлжилж байна. Сүүлийн 2 жилийн тухайд цар тахлын нөлөөнөөс үүдсэн тал талын нийгэм, эдийн засаг, боловсролын салбарын хүндрэлүүд тулгарлаа. Одоо ч тэр байдал бүрэн намжаагүй байна. Гэвч бид энэ хугацаанд зүгээр суусангүй. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжууд, гарц гаргалгааг эрэлхийлэн түүнийхээ үр шимийг эхнээсээ хүртэж эхлээд байна.
Энэ бүхэн бид оюутнуудынхаа дадлага хийх, төгсөөд ажлын байранд гарах боломжийг нээж өгөх л зорилготой хийгдэж буй ажил юм. Тухайлбал бид МҮХАҮТ-ын гишүүн байгууллага болж хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар танхимын бусад гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллах боломжууд нээгдэж тус ААН, байгууллагуудад оюутан дадлага хийлгэх, шаардлагатай хүний нөөцөөр хангах зэргээр ажиллаж байна. Түүнчлэн оюутнууд маань гадаадад дадлага хийж байна. Тухайлбал БНСУ-д цалинтай дадлага хийх, ОХУ-ын урлагийн театруудад дадлагажих гээд зөвхөн дотоод бус гадаадын ажиллах орчин, нөхцөлд дадлагажиж тодорхой авах ёстой мэдлэгүүдээ авч байна.
- Ямар ямар улс орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?
Идэвхтэй хамтын ажиллагаатай гадаадын 30 гаруй их сургууль байна. Зөвхөн гэрээ төдийхнөөр хамтын ажиллагаа хэмжигдэхгүй. Сүүлийн жилүүдэд 2+2 хөтөлбөрт илүү хүч гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл оюутан 2 жил Монголдоо сураад 2 жил гадаадад сурна. Ингэхдээ хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй хоёр сургууль сургалтын төлөвлөгөөгөө нэгтгэж оюутанд давхардсан хичээл орохгүй хос дипломтой төгсөх боломжийг бий болгож буй юм. Хамгийн сүүлд ОХУ-ын “Южный Федеральный Университет” сургуультай “СЭТГЭЛ СУДЛАЛ”-ын 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагаа эхлүүлж элсэлт авч эхэллээ. Түүнчлэн оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал Тайландын “Chulalongkorn University of Thailand” их сургуультай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд оюутнууд маань урт, богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Солилцооны хөтөлбөрөөр манай оюутнууд тус улс руу явж сурна, харин тус сургуулийн оюутнууд манай улсад ирж манай сургуульд сурна. Дэлхийн нэр хүнд бүхий сургуулийн оюутан манай улсад ирж сурна гэдэг оюутнууд маань тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж буйн илэрхийлэл юм. Мөн АНУ-ын нэр хүнд бүхий 20 их сургуульд манай сургуулийн төгсөгчид ахисан түвшинд буюу магистр, докторын хөтөлбөрт 20-40 хувь хөнгөлөлттэй үнээр суралцах боломж нээгдлээ. Өмнөх жилүүдэд хамтарч ажиллаж байсан Япон, Солонгос, Францын их сургуулиудын хамтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. Энэ мэтчилэн “СИТИ” Их сургууль алсын хараа, зорилго зорилттойгоо уялдаад гадаад хамтын ажиллагаандаа илүү анхаарал хандуулж хөтөлбөрүүдээ өргөжүүлсээр, боломжуудыг эрэлхийлсээр, хүсэж буй үр дүндээ хүрсээр байна.
- ЭЕШ-ын босго оноог нэмлээ. Та үүнд ямар байр суурьтай хандаж байна вэ.
Түүнчлэн зөвхөн босго оноогоор тогтохгүй. Манай сургууль өөрийн гэсэн стандарттай, нийгэмд сургуулийн орчин нөхцөл, бусад оюутны хөгжлийг дэмжих асуудлаар танигдсан сургууль. Үүнийг дагаар өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийгөө үнэлдэг, идэвхтэй, соёлт оюутнууд “СИТИ” Их сургуулийг сонгодог. Ер нь ирээдүйн мэргэжил сонголтоо хийж байгаа хүүхдүүд тухайн сургуулийн босго оноо их бага, эсвэл төлбөр бага зэргийг харж сонгох биш энэ сургуульд орсноор надад ямар боломжууд нээлттэй байна вэ? Ямар орчин нөхцөлд үндсэн сурах ёстой зүйлээс гадна өөр яаж хөгжих боломж байна вэ? гэдгийг анхааралтай харж сонгох хэрэгтэй болов уу.
- “Ковид”-ын улмаас боловсролын салбар бүхэлдээ шинэчлэл хийж цахим хэлбэрт шилжсэн. “СИТИ” Их сургууль өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад оюутнуудаа хэрхэн сургаж байв?
Цар тахлын улмаас олон салбар бэрхшээлтэй тулгарсан. Түүний нэг нь яах аргагүй боловсролын салбар. Мэдээж цаг үетэйгээ нийлүүлээд цахим хэлбэрт шилжин онлайн сургалтын тогтолцоо, шинэ систем нэвтрүүлэн хэрэгжүүлсэн. Хэдийгээр хичээл хоцрогдол үүсээгүй ч танхимд суралцаж дадсан хүмүүст энэ бол эрс өөрчлөлт, шинэчлэл дасан зохицох явдал байлаа. Манай сургуульд олон орны оюутнууд суралцдаг. Тухайлбал ОХУ, БНСУ, Япон, Хятад, Бельги, АНУ, Франц зэрэг улсаас оюутнууд суралцаж байна. Цар тахал хэдий намжсан ч улс орнууд хилээ нээх зэрэгтэй уялдаад гадаад оюутнууд маань одоо ч онлайн хэлбэрээр суралцсаар байна. Цаашид бусад улсаас ч оюутнууд суралцах хүсэлтээ өгч байна. Нэн түрүүнд бид саалиа бэлдэхээр саваа бэлд гээд гадаад оюутны байр болон хичээлийн байраа нэмэгдүүлж байна. Энэ жилээс нэмэлт хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлээр орж баталгаажуулан элсэлтээ авах гэж байна. Ерөөсөө манай сургуульд олон улсын оюутнууд суралцан бие биеэсээ соёл, зан заншил туршлагаа харилцан суралцдаг. Үүнийг дагаад олон үндэсний оюутнууд байгаа учир багш нартаа өндөр шаардлага тавьж гаднын оюутнуудад Монгол хэл заахаас гадна хичээлүүдээ бүрэн Англи хэл дээр явуулах тогтолцоо руу үе шаттай шилжиж байна. Оюутнууддаа ч Англи хэлтэй байх шаардлага тавьж үндсэндээ хоёрдугаар курсээс эхлэн хичээлүүд Англи хэл дээр орж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ мэт цар тахал бидэнд бэрхшээл бас боломжуудыг өгсөн. Бид цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж, чанаржих бүх л талаар олон улсын сургууль байх нөхцөлөө бүрдүүлэн ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа.