МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго

 Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ,  онцгой амжилт  гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгодог.

 Шалгуур үзүүлэлт

 Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай  хангасан оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

 1/ Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

 2/ Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

 3/ Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

 4/ Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх. 

 Материал хүлээн авах, хүргүүлэх

 Шалгуур үзүүлэлтийт хангасан оюутан дараах бичиг, баримтыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны болон 10 дугаар сарын 25-ны дотор “СИТИ” Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ. Үүнд:

 1/ Шалгуур үзүүлэлтийн 1-д заасан болзлыг хангасан оюутан сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан баримт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;

 2/ Шалгуур үзүүлэлтийн 2-т заасан болзлыг хангасан оюутан холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;

 3/ Шалгуур үзүүлэлтийн 3-т заасан болзлыг хангасан оюутан хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

 4/ Шалгуур үзүүлэлтийн 4-т заасан болзлыг хангасан оюутан хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох  бусад материалууд;

 5/ Тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан бичсэн эссэ.

 Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ.

 Тэтгэлэг олгох

 Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе  шаттай зохион байгуулдаг. Ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100  оноотой суралцагчийг шалгаруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 5, 12 дугаар сард олгоно.

 Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх оюутанд жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгодог.