Дипломын ажил
Дипломын ажил нь оюутны мэдлэг, бие даан судалгаа хийх чадварыг хөгжүүлэх сургалтын нэн идэвхтэй хэлбэр юм. Дипломын ажил гүйцэтгэх хугацаа 1 жил буюу хичээлийн 2 улирал байна.
Дипломын ажил бичиж, хамгаалах оюутан мэргэжлийн төгсөлтийн шалгалтаас чөлөөлөгдөх бөгөөд сэдэв, удирдагчаа харьяа тэнхимийн эрхлэгчтэй тохирч, тодорхойлсон байна. Дипломын ажил хийх оюутныг тэнхимийн хурлаар хэлэлцэн, хичээлийн жилийн эхэнд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
Дипломын ажил хийх эрх авсан оюутанд Сургалтын бодлого, зохицуулалтын газраас тусгай дэвтэр өгнө. Оюутан жилийн турш сонгосон сэдвийнхээ хүрээнд судалгаа, шинжилгээ, төслийн ажил гүйцэтгэнэ. Оюутан, удирдагч багштайгаа уулзаж, зөвлөгөө авах, шалгуулах бүрдээ тусгай дэвтэртээ тэмдэглэл хийлгэж, гарын үсэг зуруулна.
Дипломын ажил хийж буй оюутны дэвтрийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлөөс хичээлийн жилийн дунд шалгаж, явцын үнэлгээ өгнө. Хэрэв энэ хугацаанд удирдагч багштайгаа уулзаагүй, эсвэл дипломын ажлаа эхлээгүй байвал тухайн оюутны диплом бичих эрхийг хасч, төгсөлтийн шалгалт өгүүлэхээр тогтоно.
Дипломын ажлыг дүгнэх
Удирдагч багшийн үнэлгээ
Оюутны хөдөлмөр, үр дүнг багш 50 хүртэл оноогоор дүгнэж, тодорхойлолт өгнө. Энэхүү оноо дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:
- Онолын хэсэг - 10 оноо
- Судалгааны хэсэг - 10 оноо
- Дүгнэлтийн хэсэг - 10 оноо
- Тусгай хэсэг (шинэ санаа, арга логик) - 10
- Нягт нямбай ажиллагаа - 10 оноо.
Удирдагч багш урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө төгсөх оюутны үнэлгээг, тодорхойлолтын хамт төгсөлтийн ажил хамгаалуулах салбар комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
Бакалаврын дипломын ажилд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шүүмж авч болно.
Урьдчилсан хамгаалалт
Урьдчилсан хамгаалалтыг мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, салбар комиссын нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулж, дипломын ажлын хамгаалалт болохоос 2 долоо хоногийн өмнө зарлан хуралдуулна. Мэргэжлийн тэнхимээс урьдчилсан хамгаалалтанд тавих дээд оноо 20 бөгөөд ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалж, удирдагч багшийн үнэлгээг бууруулж болно. Урьдчилсан хамгаалалтын дараа төгсөгч оюутны нийлбэр дүн (дээд оноо 70 = 50 + 20) гарах бөгөөд тэнхимээс энэхүү дүнг тодорхойлолтын хамт Сургалтын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өгнө.
Урьдчилсан хамгаалалтаар шаардлагатай үнэлгээ авсан оюутан дипломын ажлын хамгаалалтанд орох эрх авна.
Дипломын ажлын хамгаалалт
Оюутан нь дипломын ажлаа хамгаалахдаа 10 минутад багтаан илтгэлээ тавих бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна.
Төгсөлтийн шалгалт өгч буй оюутан сугалсан билетийнхээ асуултанд 15- 20 минут бэлдэж, илтгэлийг 10 минутанд багтаан хийнэ.
Комиссын гишүүд дипломын ажлын болон төгсөж буй оюутны суралцсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж, хариулт авна.
Салбар комисс нь төгсөж буй оюутны илтгэл, асуултад хариулсан байдал, хөндлөнгийн шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн хамгаалалтын дүнг 30 хүртэлх оноогоор дүгнэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын урьдчилсан дүнг бууруулж болно. Диплом хамгаалалтын нийлбэр дүнгийн дээд оноо нь 100 (50 удирдагч багшийн оноо + 20 урьдчилсан хамгаалалтын оноо + 30 диплом хамгаалалтын оноо = 100) байна.