“Түүхэн эрхмүүдийн цадиг” 18 дахь цуврал Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийн номын нээлт боллоо

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко компани хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг” 18 дахь цуврал уншигчийн гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга асан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэж өнөөдөр /2024.02.22/ “номын нээлтээ хийлээ.

Номын нээлтэд түүний хань, үр хүүхэд, ангийн найзууд, хамтран зүтгэгч, нутгийн эрхмүүд оролцож дурсамж дэлгэн шинэ номоо өлгийдөн авав. Энэ удаагийн цувралын зохиогчоор А.Амаржаргал, Д.Мөнгөндалай нар ажиллаж түүний түүхийг мөнхлөв.

Манай түүхийн хамгийн эгзэгтэй үед Дээд шүүхийг тэргүүлж асан Д.Дэмбэрэлцэрэнгийн намтар ч Монгол улсын төрийн хоёр өөр тогтоц, эсрэг тэсрэг гэмээр зарчим, тэдгээрийн хоорондох тайван ухаалаг шилжилттэй холбогддог. Д.Дэмбэрэлцэрэнгийн амьдралын оргил үе БНМАУ-ын хууль цаазын сүүлчийн өдрүүд, ардчилсан шинэ Монгол Улсын эхний он жилүүдтэй давхцаж, энэхүү адармаатай шилжилтийн түүхийг бичилцэж, гол дизайныг хамтран боловсруулж, хэрэгжүүлэгч байх хувь тавиланг ногдуулжээ.

Иймээс Д.Дэмбэрэлцэрэнгийн намтрыг тал нутгийн хууль цаазын өв уламжлалаас эхлээд Монгол маягийн социалист дэглэм, улмаар шинэ ардчилсан үндсэн хуульт Монгол улс мэндэлсэн түүхийн өнгө, дэвсгэр дээр бичихээс өөр аргагүй юм. Эл ном бол нэг талаасаа хувь хүний намтар, хуульчийн хувийн түүх төдийгүй Монгол үндэстний хууль цаазын хялбар түүх, иргэншсэн ертөнцийн дэг ёс нэвтэрсэн ойлголт сэлтийн хураангуй гэсэн ч бас болно хэмээн номын редактор МУСГЗ, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо өмнөх үгэндээ бичжээ.

Монгол Улсын Гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсан Улсын дээд шүүхийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХ-ын гишүүн, “СИТИ” Их сургуулийн анхны Удирдах зөвлөлийн дарга зэрэг төр нийгмийн төлөө ажиллаж байсан түүхэн эрхэм билээ. Өдгөө “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Хууль зүйн сургууль нь түүний нэрэмжит сургууль болон өргөжин тэлж хууль, шүүхийн мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулж буй юм.