“СИТИ” ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН WEB OF SCIENCE БОЛОН SCOPUS САНД БҮРТГЭЛТЭЙ СЭТГҮҮЛҮҮДЭД ӨГҮҮЛЭЛ БИЧСЭН БАГШ НАРТАА ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

”СИТИ” Их сургууль “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээгээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хийсэн ажлууд болон гарсан үр дүнг танилцуулсан юм.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд “СИТИ” Их сургуулийн эрхлэн гаргадаг CITI SCIENCE сэтгүүлийг олон улсын бүртгэлийн crossref.org сайтанд бүртгүүлж, онлайн бүртгэлийн DOI дугаартай болсноор шинжлэх ухаан, судалгааны олон улсын тавцанд гаргасан томоохон алхам болсон юм.

Түүнчлэн, Монголын их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансаагаар 11 дүгээр байр, эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтээр 8 дугаар байрт эрэмбэлэгдсэн амжилттайгаар сургуулийнхаа нэр хүндийг олон улсын түвшинд ахиуллаа. Мөн хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Кембриж Монголын хоёр дахь удаагийн форум 2024 онд Улаанбаатар хотноо “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “СИТИ” Их сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож, үндсэн илтгэлийг тавьсан юм.

Арга хэмжээний үеэр, Web of Science болон Scopus санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд 1 жилийн хугацаанд 5 өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан "СИТИ" Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, академич Ж.Тэмүүжинд “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа шагнал гардууллаа. 

Багшдаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.