ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалт (МХБШ)-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд хугацааг Боловсролын үнэлгэний төв (БҮТ)-өөс зарладаг. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс 2-оос багагүйг сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд ордог.

Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн Боловсролын үнэлгээний төв (БҮТ) зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Энэ удаагийн ЭЕШ-ийн бүртгэл 2 дугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагт дуусна. Уг хугацааг сунгахгүй бөгөөд нэмж бүртгэхгүй тул Та бүхэн хугацаанд нь бүртгүүлээрэй.

ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн 1 батламж хуудастай байна.

Шалгалтын дүн мэдээ

Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулна. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.

Шалгуулагчдын дүн оноо

Шалгуулагчдын дүн, оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм.

Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үг юм. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжиж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг.

Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг. Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

Дээрхээс иүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол БҮТ-өөс гаргасан 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт авах журамтай танилцана уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн