“СУВИЛАХУЙ БА СЭТГЭЛ ЗҮЙ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

“СИТИ” Их сургууль, Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран “СУВИЛАХУЙ БА СЭТГЭЛ ЗҮЙ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулж байна.

Хурлыг “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа, Жайка төслийн ерөнхий зөвлөх Баба Тошиаки, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, доктор Ц.Хулан, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар нээж үг хэллээ.

“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа “Эрүүл мэндийн салбар тэр дундаа сувилахуйн салбарын хүний нөөц бэлтгэхэд манай сургууль хувь нэмрээ оруулж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүний нөөцийн дутагдалд орж буй сувилахуйн чиглэлээр өргөн хүрээнд элсэлт авах, одоо ажиллаж буй сувилагч нарыг чадавхжуулах урт, богино хугацааны сургалт явуулах зэрэгт анхаарлаа хандуулж харьяа яам, агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана” гэдгээ онцлон хэлж байсан юм.

“Коронавируст халдварын үеийн сувилагчдын сэтгэл зүйн асуудал” сэдвээр эхэлсэн эрдэм шинжилгээний хуралд “СИТИ” Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд, ЭМЯ-ны төлөөлөгчид, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн багш, судлаачид, Боловсрол сэтгэл судлалын академийн төлөөлөл, Нийгмийн сэтгэл судлаачид, Дархан-Уул , Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын сувилагч, албан хаагчид, Нийслэлийн амгалан амаржих, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг” зэрэг салбарын төлөөлөгчид оролцон сувилахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөц, боловсон хүчний тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Энэ удаагийн хуралд Англи, Америк, Герман, Япон улсын сувилахуйн салбарын судлаач, мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүлэн, өөрийн улсын сувилахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тухайлбал “КОВИД-19 дэлхий дахины сувилахуйн хүний нөөцөд үзүүлж буй нөлөө” сэдвээр Их Британи дахь Англиа Раскин Их сургуулийн Сэтгэцийн Эрүүл мэндийн клиникийн профессор Фиона Нолан илтгэл танилцуулсан бол “Сэтгэл зүйн хямралд ялагдахгүй Монгол Улсын сувилахуйн салбарын ирээдүйн хөгжлийн тухай” сэдвээр Жайка төслийн Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах асуудал хариуцсан мэргэжилтэн сувилагч, доктор Сугавара Чикако илтгэл хэлэлцүүллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дэлхийн сувилахуйн нөхцөл байдал-2020 тайланд дурдсанаар Эрүүл мэндийн салбарт дэлхий дахинаа 27,9 сая сувилагч ажиллаж, тус салбарын хүний нөөцийн 60 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн энэ салбарт ажиллаж буй сувилагчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд бага болон бага дунд орлоготой улсууд нийт 5,9 сая сувилагчийн орон тооны дутагдалтай байгааг онцолж байна.

2030 он гэхэд одоо ажиллаж буй 4,9 сая сувилагч тэтгэвэрт гарах тооцооллоор хүний нөөцийн дутагдал 10 саяд хүрэхийг санууллаа.

Тиймээс улс орнууд сувилахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж, тус салбарт ажиллаж буй хүмүүсийн нийгмийн болон сэтгэл зүйн асуудалд ач холбогдол өгөх, ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэн, цалин, хангамж, нэр хүндийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй байгааг судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.